Б.Амарсанаа: Хөхний болон умайн хүзүүний хорт хавдраас сэргийлье гэвэл хүүхдээ хоёроос дээш жил хөхүүлээрэй
Чихэнд чимэгтэй
2025-02-21
Дөнгөж төрсөн нярайд эхийн сүү ямар чухал буюу юугаар ч орлуулшгүй тэжээл болдог талаар НЭМҮТ-ийн Хоол судлал, хүнсний аюулгүй байдлын албаны эрдэм шинжилгээний ажилтан Б.Амарсанаа ингэж ярилаа.
Эхийн сүү бол дөнгөж төрсөн нярай хүүхдэд юугаар ч орлуулшгүй, хамгийн тохиромжтой хоол. Хүүхдийн бие бялдар, тархи сэтгэхүйгээс авхуулаад хөгжилд шаардлагатай бүх шим тэжээл эхийн сүүнд агуулагддаг. Мөн эсрэг биет болон цагаан эсүүд эхийн сүүгээр дамжиж хүүхдийн биед халдварт өвчнөөс сэргийлэх дархлааг тогтоож өгдөг. Эхийн сүүнд агуулагддаг эдгээр шим тэжээлийг нэмэлт сүүнд оруулах ямар ч арга байхгүй. Тэгэхээр эхийн сүүг юугаар ч орлуулах боломжгүй гэсэн үг.
“Чи сүүгүй юм биш үү” гэх мэт таагүй үгс дөнгөж төрсөн ээжийн сүүг татрахад нөлөөлдөг
Эхээс мэндлээд ангир уургаа амлахаас хүүхдийн хооллолт эхэлдэг. Ангир уураг бага хэмжээтэй ч эхийн сүүтэй харьцуулахад хэд дахин өндөр шим тэжээлийг агуулдаг. Хүний биеийн онцлогоос шалтгаалаад ангир уураг гарч, сүү орох хугацаа өөр өөр байдаг. Зарим ээж нярай хүүхдээ амлуулсны дараа багахан ангир уураг гараад удалгүй сүү орно гэж эндүүрдэг тал бий. Сүү хурдан орох эсэх нь тухайн хүний онцлогоос хамаарна. Зарим нь ганц хоноод л сүү орж байхад нь нөгөө нь 5 хоноод сүү орох нь ч бий. Ээжүүдийн 99.9 хувь нь 5 хоногийн дотор сүү ордог. Гол нь манайхан ангир уурагтай өдрүүдэд л “Сүү ороогүй” гээд бухимдаад байдаг. Зарим хүмүүс үүнийг мэдэхгүй төрөөд дөнгөж 3-4 хоног болсон ээжийг “Чи сүүгүй юм биш үү, сүү орохгүй юм биш үү” гээд хэлчихдэг. Дөнгөж төрсөн хүний сэтгэл санаа маш эмзэг үед энэ мэт хүмүүсийн үгс хүнд тусах нь ойлгомжтой шүү дээ. Үүнээс болоод сэтгэлээр унасан ээжүүдийг зөндөө харсан. Ээжүүд энэ үед “Нээрээ би сүү муутай юм болов уу, хүүхэд маань өлсчих вий” гэж өөрийгөө буруутгаж шаналсандаа нэмэлт сүү өгснөөр олон асуудал үүсэж эхэлдэг. Тухайлбал хүүхдийн ходоод гэдэс хямарч хордлого өгч, эхийн сүүний гарц муудаж, бүр ширгэх ч аюултай. Ангир уураг нь хүүхдийн хоол боловсруулах эрхтний хөгжлийн эхлэлийг тавьж, хүүхдийн суурь дархлаа болдог шидтэй ундаа юм шүү дээ.
Хөхөө чинэрүүлж удаан явснаас үүдэж сүү ширгэдэг
Монгол Улс эхийн сүүгээр хооллолтын үзүүлэлтээр Азийн хэмжээнд нэлээд дээгүүр ордог. 2023 онд хийгдсэн судалгаанаас харахад, хоёр хүртэлх насны нийт хүүхдийн 60 хувь нь эхийн сүүгээр дагнан хооллосон байдаг. Гэвч үлдсэн 40 хувь нь нэмэлт сүүгээр хооллодог эсвэл 4,5 сартай байхад нь бор хоолонд оруулсан гэсэн үг. ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сангаас хүүхэд төрсний дараа зургаан сар хүртэл сахартай ус, сүү зэргийг нэмэлтээр өгөхгүйгээр зөвхөн эхийн сүүгээр хооллохыг зөвлөдөг. Зургаан сар хүрсэн эхний 7 хоногт нь бор хоолонд оруулна. Үргэлжлүүлээд хоёр болон түүнээс дээш жил эхийн сүүгээр хооллохыг зөвлөдөг. Гэтэл хүүхдээ бор хоолонд эрт оруулаад хөхнөөс гаргачихдаг ээжүүд байдаг. Эдгээр ээжийн хувьд нэгдүгээрт, эхийн сүүгээр хооллох нь хүүхдийн эрүүл мэнд, өсөлт хөгжил, биеийн дархлаа гээд бүх зүйлд маш эерэг нөлөөлдөг гэдгийг сайн мэддэггүй. Хоёрдугаарт, ажил хичээлдээ эргэж ороод сүүгээ ойр ойрхон саах ёстой юм байна шүү гэдгээ мэддэггүй ээжүүд хөхөө чинэрүүлж удаан явснаас болоод сүүний гарц нь муудаад яваандаа ширгэж, гарахаа больдог. Тийм гарцаагүй байдалд орсноосоо болоод өөрөө хүсээгүй ч гэсэн хүүхдээ эхийн сүүгээр хооллохоо зогсоодог ээжүүд байдаг. Ээжүүд маань 2-3 цагт тутамд хөхөө сааж суллах хэрэгтэй. Хөхөө саагаад байвал сүүний гарц нь хэвээрээ байдаг. Саасан сүүгээ хөргөгчид хадгалаад хүүхдээ хооллож болно. Тэр үед нь албан байгууллага, их сургуулиуд ээжүүдэд зориулсан сүү саах өрөө тасалгаагаар хангах нь эх хүүхдэд маш том дэмжлэг болно шүү дээ.
Эхийн сүү эх, хүүхдэд ямар ач тустай гээч…
Эхийн сүү нь хүүхдэд зориулагдсан байгалийн бүтээгдэхүүн учраас хүүхдийг илүүдэл жинтэй болгох магадлал нь хэд дахин бага байдаг. Эхийн сүүгээр хооллоогүй эсвэл холимог хооллолттой, бор хоолонд эрт орсон хүүхдүүд яваандаа илүүдэл жинтэй болох магадлал арай өндөр гэдэг нь судалгаагаар батлагдсан. Жингийн илүүдэл нь зүрх судасны өвчин, даралт ихсэх, хорт хавдар, чихрийн шижин гэх мэт бүх төрлийн халдварт бус өвчний суурь шалтгаан болдог шүү дээ. Тэгэхээр эхийн сүүгээрээ сайн хооллож байсан хүүхэд илүүдэл жинтэй болохгүй, халдварт бус өвчнөөр өвдөх магадлал нь багасна гэсэн үг. Эх хүүхдийн ээнэгшил, нандин холбоог бэхжүүлдэг давуу тал ч байна. Ингэснээрээ сэтгэл зүйн хувьд хүүхэд тайван, тогтуун өсөж торнидог. Эхийнхээ сүүгээр хоёр нас хүртлээ хооллосон хүүхдүүд эхийн сүүгээр огт хооллоогүй хүүхдүүдтэй харьцуулахад сэтгэцийн эмгэг, өөрчлөлттэй болох магадлал бага байдаг гэсэн судалгаа ч бий. Мөн ханиад томуугаар өвчлөх, суулгалтаар өвдөх магадлал нь маш бага байдаг. Филиппин улсад хийгдсэн нэгэн судалгаагаар, эхийн сүүгээр дагнан хооллож байгаа 0-2 настай, суулгалтаар өвдсөн хүүхдүүдийг хөхөө хөхдөг болон хөхдөггүй хүүхдүүдтэй харьцуулахад, эхийн сүүгээр огт хооллохгүй байгаа хүүхдүүд суулгалтаар 17 дахин их өвдсөн байна. Хүүхдийг хөхүүлэх нь ганц хүүхдэд ч биш ээжид ч сайнаар нөлөөлдөг. Төрсний дараа ээжүүдийн гэдэс буцаж татраад хэвэндээ ороход чухал нөлөөтэй. Хоёр ба түүнээс дээш жил хүүхдээ хөхүүлбэл хөхний хорт хавдар, умайн хүзүүн хорт хавдар тусах магадлалыг бууруулдаг нь судалгаагаар тогтоогдсон. Эхийн сүү бол хүүхдэд зориулсан байгалийн бүтээгдэхүүн, хүүхдийнхээ ирээдүйд оруулж буй ямар ч зардалгүй хөрөнгө оруулалт гэдгийг бүү мартаарай ээжүүд минь.
Эх сурвалж: Peak.mn
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.