Монголд эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлэхэд Шинэ Зеландын туршлагыг нэвтрүүлэхээр болжээ
Чихэнд чимэгтэй
2025-02-27
Монгол улсад албан ёсны айлчлал хийж буй Шинэ Зеландын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Уинстон Питерс Монгол улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй өнөөдөр албан ёсны хэлэлцээ хийлээ. Хэлэлцээний дүнгээр хоёр талын хийсэн хамтарсан мэдээллээс үзвэл, 64 сая малтай 180 мянга гаруй малчин өрхийн ахуй амьдралыг сайжруулах зорилгоор манай улсад өнгөрсөн жил хэрэгжүүлж эхэлсэн “Шинэ хоршоо” хөдөлгөөнийг амжилттай үргэжлүүлэхэд Шинэ Зеландын туршлагыг ашиглан хамтран ажиллахаар талууд тохиролцжээ. Тухайлбал малчид өөрсдийн нөөцөд түшиглэн эрсдэлээ хуваалцдаг зарчмыг нэвтрүүлэх, эдийн засгийн үр өгөөжийг нь нэмэгдүүлж эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлэхэд талууд хамтрахаар болсон байна. Сайд Б.Батцэцэгийн мэдэгдсэнээр, хоёр тал хөдөө аж ахуй төдийгүй боловсрол, аялал жуулчлалын салбарт харилцаагаа гүнзгийрүүлэх, улмаар олон улсын тавцанд хамтран ажиллах хүртэл өргөн хүрээний асуудлыг хэлэлцжээ. Мөн Монгол, Шинэ Зеландын Иргэний нисэхийн удирдах байгууллагын хооронд байгуулсан Харилцан ойлголцлын санамж бичгийг хүчин төгөлдөр болгосон бөгөөд ингэснээр цаашид хоёр орны хооронд агаарын харилцааг өргөжүүлэх боломж бүрдэж байна. Шинэ Зеланд улс мөн манай улсын хүний нөөцийг чадавхжуулах зорилтын хүрээнд Монгол улсад олгодог тэтгэлгээ нэмэгдүүлэхээр болжээ. Сайд У.Питерсийн энэ айлчлал хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд хэрэгжиж байгаа бөгөөд ардчиллын нийтлэг үнэт зүйлсээр холбогдсон хоёр улсын харилцаа хагас зууныг туулж, өргөжин хөгжиж байгаад талууд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийллээ.
Монгол улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар манайд албан ёсны айлчлал хийж буй, өдгөө 79 настай ноён У.Питерс Шинэ Зеландын туршлагатай улс төрч юм. Тэрбээр 1978 онд анх сонгогдсоноосоо хойш парламентын гишүүнээр 15 удаа сонгогдон ажиллажээ. Мөн Шинэ Зеландын Шадар сайдын албыг 1996 оноос хойш гурав дахь удаагаа хашиж байгаа бол Гадаад хэргийн яамыг мөн гурав дахь удаагаа толгойлж буй нь энэ юм.
Гэрэл зургийн эх сурвалж: Гадаад харилцааны яам
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.