10 баримт: “Бруталист” ба бусад нь
10 баримт
2025-03-06
Брэйди Корбэгийн найруулсан “Бруталист” кино энэ жилийн “Оскар”-ын шагналын 10 номинацид нэр дэвшив. Гэхдээ тийм олныг авч чадсангүй. Хамгийн олон буюу 13 номинацид нэр дэвшсэн “Emilia Pérez” мюзикл бүр түүнээс цөөн буюу хоёрхон “Оскар” авчээ. Дашрамд дурдахад нэг кино 13 номинацид нэр дэвшинэ гэдэг бараг л дээд амжилт юм. “Оскар”-ын шагналын 97 жилийн түүхэнд 14 төрөлд нэр дэвшсэн гуравхан кино байдаг бол 13-тай кино 10 л бий. Энэ удаад 97 дахь “Оскар”-ын нэг чимэг болсон “Бруталист” кино чухам ямар 10 төрөлд нэр дэвшсэн, тэдгээр шагналын эзэн нь чухам хэн хэн болсныг товч танилцуулъя.
1. Шилдэг кино: Энэ номинацид 10 кино нэр дэвшсэнээс шагналыг Шон Бэйкэрийн найруулсан “Anora” инээдмийн кино хүртжээ. Нью-Йоркийн Брайтон Бич дүүрэгт биеэ үнэлдэг Анора хэмээх бүсгүй Оросын тэрбумтны хүүтэй хайр сэтгэлийн холбоотой болохоор барахгүй гэрлэж орхисонд хүүгийн ар гэрийнхэн сандралдаж, гэрлэлтийг цуцлуулахаар хөөцөлдөж буй тухай гардаг энэ кино шүүмжлэгчдийн талархлыг нэгэн дуугаар хүлээж байгаа бөгөөд Каннын наадмын тэргүүн шагналыг хүртжээ. “Оскар”-т зургаан номинациар нэр дэвшээд тавыг нь буюу хамгийн олныг авав.
2. Шилдэг найруулагч: Шон Бэйкэр - “Anora”.
3. Шилдэг эрэгтэй дүр: Эдриен Броуди - “Бруталист”. 60-аад кинонд тоглосон Б.Броудигийн хоёр дахь “Оскар” энэ болов. Одоогоос 22 жилийн өмнө тэрбээр 29 настай байхдаа Роман Поланскийн “Төгөлдөр хуурч” кинонд тоглоод анхныхаа “Оскар”-ыг авсан төдийгүй “Шилдэг эрэгтэй гол дүр” номинацид энэ шагналыг авсан хамгийн залуу жүжигчин болсон билээ.
4. Шилдэг эрэгтэй туслах дүр: “Бруталист” кинонд гол дүрийн баатрын үйлчлүүлэгч, баян эрд тоглосон Гай Пийрс энэ шагналд дэвшсэн боловч авч чадсангүй. Жэсси Айзэнбэргийн найруулсан “A Real Pain” инээдмийн кинонд тоглосон Киран Калкин энэ шагналыг авав. Энэ Калкин бол “Гэртээ ганцаараа” кинонд тоглож алдаршсан Маколэй Калкины төрсөн дүү юм.
5. Шилдэг эмэгтэй туслах дүр: “Бруталист”-ын гол дүрийн баатрын эхнэр, сэтгүүлчид тоглосон Фелисити Жоунс нэр дэвшсэн боловч авсангүй. “Emilia Pérez” кинонд тоглосон Зои Салдана энэ шагналыг хүртэв. З.Салдана өмнөхөн нь мөн энэ төрөлд “Алтан бөмбөрцөг”, BAFTA шагналуудыг хүртсэн.
6. Шилдэг кино зохиол: Шон Бэйкэр - “Anora”. Ш.Бэйкэр энэ зохиолыг Норвегийн найруулагч эмэгтэй Мона Фаствольдтой хамтран бичжээ.
7. Шилдэг хөгжим: Дэниел Бламбэрг - “Бруталист”. Английн хөгжмийн зохиолч Д.Бламбэргийн бичсэн хөгжмийг “The Hollywood Reporter” сэтгүүл “Хүчирхэг хөгжим” гэсэн бол “Vogue” зэрэг бусад томоохон хэвлэл мөн өндрөөр үнэлжээ.
8. Шилдэг зураглаач: Лу Кроули - “Бруталист”.
9. Шилдэг эвлүүлэг: Шон Бэйкэр - “Anora”. Ш.Бэйкэр ийнхүү нэг кино хийгээд өөрөө дөрвөн “Оскар”-ын эзэн болох нь энэ.
10. Шилдэг зураач: Нэтан Кроули, Ли Сандалес - “Wicked”. Хятад гаралтай найруулагч Жон Чугийн бүтээсэн үлгэрийн сэдэвтэй энэ мюзикл кино 150 сая долларын зардлаар бүтжээ. Өнөөдрийн байдлаар 728 сая долларын орлого олоод байгаа бөгөөд энэ жилийн “Оскар”-т нэр дэвшсэн кинонуудаас уг үзүүлэлтээрээ илт давсан төдийгүй өнгөрсөн оны хамгийн өндөр орлоготой таван киноны нэг болоод байна. Кино мөн “Шилдэг хувцасны зураач” төрөлд “Оскар“ хүртсэн.
Гэрэл зургийн эх сурвалж: www.en.wikipedia.org
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.