Монгол улс шинээр 4600 км төмөр зам барина
Чихэнд чимэгтэй
2025-03-11
Монгол улсын Засгийн газар Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд 4600 км төмөр зам барина гэдгийг Улаанбаатарт өчигдөр эхэлсэн Төмөр замуудын хамтын ажиллагааны байгууллага (ТЗХАБ)-ын гишүүн орнуудын зөвлөгөөн дээр Монголын тал мэдэгдлээ. Уг замыг барихын зэрэгцээ хилийн дөрвөн боомтыг төмөр замаар холбож, боомтуудын ачаа нэвтрүүлэх хүчин чадлыг 2-3 дахин нэмэгдүүлнэ гэдгийг Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан онцлон тэмдэглэсэн байна. Мөн түүний хэлснээр, одоогийн ОХУ-БНХАУ-ыг холбосон төмөр замын ачааллыг тэнцвэржүүлж, тээврийн урсгалыг нэмэгдүүлэн, олон боомтоор гадаад худалдааны ачаа тээвэрлэхийн тулд Чойбалсан-Хөөт-Бичигтийн зүүн босоо, Арцсуурь-Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн баруун босоо тэнхлэгийн төмөр замуудыг барихаар төлөвлөжээ. Улмаар Сайншанд-Баруун-Урт-Хөөт чиглэлийн хэвтээ тэнхлэгийн төмөр замыг барьж, үндэсний төмөр замын нэгдсэн сүлжээг өргөжүүлэхийг зорьж байна. ТЗХАБ-ын гишүүн орнуудын ачааны хэмжээ тохиролцох зөвлөгөөнд Монголоос гадна Орос, Хятад, Афганистан, Беларусь, Вьетнам, Казахстан, Туркменистан, Узбекистан, БНСУ зэрэг 12 орны төлөөлөгч оролцож байгаа бөгөөд талууд 2025 онд төмөр замаар тээвэрлэх ачааны хэмжээг тохиролцох юм.
Гэрэл зургийн эх сурвалж: news.mn
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.