10 баримт: Такаяасү
10 баримт
2025-03-20
Японы мэргэжлийн сүмо бөхийн Харү башёгийн 11 дэх өдрийн барилдааны дараа маэгаширагийн зүүний дөрөв дэх бөх Такаяасү башёг тэргүүлэгч гурван бөхийн нэг болж байна. Энэ сард ёкозүна болон хоёр оозэкиг дараалан давсан түүний тухай 10 баримтыг хүргэе..
1. Такаяасү Акира нь 1990 оны хоёрдугаар сарын 28-нд Ибараки мужийн Цүчиүра хотод төржээ.
2. Тэрбээр 2005 оны тавдугаар сард 15 настайдаа мэргэжлийн сүмод анх барилдаж 2011 онд дээд зиндаанд дэвшсэн юм.
3. Улмаар Хэйсэйн эрин буюу эзэн хаан Акихито төр барьснаас хойш (1989 он) төрсөн бөхчүүдээс макүүчид зиндаанд барилдсан анхны сүмоч болжээ.
4. Такаяасүгийн хамгийн дээд цол нь оозэки бөгөөд тэрбээр 2017 оны долоодугаар сард оозэки болж 15 башёгийн турш цолоо хадгалаад 2020 оны нэгдүгээр сард сэкивакэ болж буурсан.
5. Зургаан удаа ёкозүна цолтой бөхийг давж кинбоши шагнал хүртсэн түүний давсан аваргууд нь дан монголчууд байв. Тодруулбал, Харүмафүжигаар гурав, Хакүхо, Тэрүнофүжи, Хоошёорюүгаар тус бүр нэг давсан билээ.
6. Тэрбээр макүшита зиндаанд нэг удаа түрүүлсэн бол макүүчид найман удаа үзүүрлэжээ. Ингэхдээ гуравт нь оозэки, тавд нь маэгашира цолтой байв.
7. Түүний эхнэр нь Японы уламжлалт энка дуучин Мори Кономи юм. Тэд хүү, охинтой бөгөөд 2021 онд гэрлэлтээ батлуулчхаад цар тахлын хөл хорио дууссаны дараа 2023 онд хуримаа хийжээ.
8. Сүмочийн аав Такаяасү Эйжи нь хүүгээ нутгийнхаа ёкозүна Кисэносатогийн дэвжээнд шавь оруулж, төрсөн овгоороо дэвжээний нэрээ авахыг хүссэн байна. Сонирхуулахад, Акира нь монголоор Нарангэрэл гэсэн утгатай.
9. Т.Акира дээрээ нэг ахтай бөгөөд тэдний ээж нь филиппин эмэгтэй юм. Тэрбээр багадаа төгөлдөр хуур, бэйсбол тоглодог байжээ.
10. 2023 оны байдлаар хамгийн өндөр цалинтай 20 сүмочийн нэгд багтаж байв.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.