images

Дундговийн тэмээчин гэр бүл Оксфордын их сургуульд илтгэл тавьжээ

Н.Ариунсайхан

Хөдөөгийн баясгалан

2025-03-26


  Дундговь аймгийн Өлзийт сумын харьяат тэмээчин гэр бүл Л.Төмөрсүх, Б.Ханд нар энэ сарын 20-21-ний өдрүүдэд Английн Оксфордын их сургуулийн харьяа Газар зүй, байгаль орчны сургуулиас зохион байгуулсан “Говь цөлөрхөг бүс нутагт амьдарч буй иргэдийн ахуй амьдрал” олон улсын бага хуралд оролцжээ. Энэ үеэрээ тэд "Нүүдлээр нутаглах ухаан" сэдвээр илтгэл тавьж, уур амьсгалын өөрчлөлт нутагт нь хэрхэн мэдрэгдэж байгаа болон ундны ус татарч, өвс ургамлын төрөл зүйл багасч байгаа талаар онцлон ярьсан байна. Тэмээчин бүсгүй Б.Ханд энэ талаараа энэ сарын 24-ний өдөр "Боловсролоор тэргүүлэгч Англи оронд ирээд монгол тэмээгээ ярих сайхан байна. Цөлийн хурал гэдэг утгаараа хуурай уур амьсгалтай орнуудыг урьдаг юм байна. Хуралд оролцсон судлаачид "Та нар бол жинхэнэ малчид. Та бүхний амнаас жинхэнэ бодит амьдралыг сонслоо" гээд талархаж, урмын үг хэлсэн. Би илтгэлдээ ахуй амьдралынхаа онцлогоос гадна Түмэн тэмээний баяр, Монголын хоёр бөхт тэмээний ашиг шимийн тухай сонирхуулахад маш сайхан хүлээж авсан" гэжээ. Тэмээчин гэр бүл өмнө нь Энэтхэг улсад зохиогдсон олон улсын арга хэмжээнд "Байгальд ээлтэй малыг сонгож, байгальд ээлтэй малчин байх нь" сэдвээр илтгэл тавьж байсан гэнэ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.