images

Катарын хөлбөмбөгийн ДАШТ-д Хятад үлэмж оролцоотой байна

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2022-12-09


     2022 оны Катарын хөлбөмбөгийн ДАШТ-ийг Хятадын 20 компани ивээн тэтгэж байгаа талаар Лондонд төвтэй дата анализ, зөвлөх үйлчилгээний “Globaldata” компани мэдээлжээ. Тухайлбал, эдгээр компанийг гэр ахуйн барааны “Hisense”, гар утас үйлдвэрлэгч “Vivo”, сүү, сүүн бүтээгдэхүүний “Mengniu”, үл хөдлөх хөрөнгийн “Wanda” групп тэргүүлж байна. Мөн Катар улс ДАШТ зохион байгуулахын тулд Хятад улстай их хэмжээний гадаад худалдаа хийжээ. Энэ талаар Хятадын Гаалийн ерөнхий газраас “Хятад, Катарын гадаад худалдаа энэ оны эхний арван сарын байдлаар 21.66 тэрбум ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 61 хувиар өссөн” хэмээн мэдээллээ. Катарын ДАШТ-ий цэнгэлдэх хүрээлэнгийн сандал, LED дэлгэц, агааржуулагч, хяналт удирдлага, сүлжээний төхөөрөмж, хөгжөөн дэмжигч, жуулчин, сэтгүүлч, албаныханд үйлчлэх автобус зэргийг Хятадад үйлдвэрлэсэн байна. Мөн Хятадын Жянсу мужийн Сүжоу хотын Жэнзе тосгонд арабчуудын уламжлалт куффия хэмээх толгойн гоёл 50 мянган ширхэгийг тэмцээний албан ёсны лого тэмдэгтэйгээр хийлгэсэн байна. Толгойн гоёлын захиалгыг 7 дугаар сард өгсөн бөгөөд хоёр сарын дотор үйлдвэрлэсэн аж. Ингэхдээ тосгонд 30 гаруй цехтэй үйлдвэрлэлийн кластер байгуулжээ. Мөн тус хотод төвтэй “Higer Bus” автобус, ачааны машин үйлдвэрлэгч компанийн өнгөрсөн жил Катарт нийлүүлсэн 1815 автобусаар ДАШТ үзэхээр очсон жуулчид, сэтгүүлчид, албаныхан, хөгжөөн дэмжигчдэд үйлчилж байгааг тус компанийн маркетингийн менежер мэдээллээ. Катар улс “Higer Bus” компанийн өрсөлдөгч “Zhengzhou Yutong” группээс ДАШТ-д зориулж 1500 автобус импортоор авсны 888 нь цахилгаан тээврийн хэрэгсэл гэнэ. Энэ нь Хятадын цахилгаан автобусыг дэлхийн томоохон спортын тэмцээнд ашиглаж буй анхны тохиолдол юм. Мөн 12 дугаар сарын 18-нд тэмцээний шигшээ тоглолт болох Доха хотын хойд хэсэгт орших 80 мянган хүний суудалтай, 190 м2 талбайтай “Lusail” цэнгэлдэх хүрээлэнд тоглолтын онооны харьцааг харуулах өндөр нягтралтай, 70 м2 хэмжээтэй LED дэлгэцийг Хятадын “Unilumin Group” нийлүүлж суурилуулсан гэнэ. Тус группын Ерөнхийлөгч Ян Жүн “Катарын ДАШТ бол дэлхий дахинд түгж буй Хятадын брэндүүдийн бичил ертөнц. Бид ирэх жил Катарт болох хөлбөмбөгийн Азийн цомын тэмцээнд илүү олон захиалга авахад бэлэн байна” гэж ярьжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.