images

Сибирийн барын тоо толгой өсөж байна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2022-12-09


     Сүүлийн үед Хятадын зүүн хойд нутгаар нэн ховорт тооцогдож устах аюулд өртөөд байгаа Сибирийн бар байн байн харагдах болсон тухай тус улсын CCTV мэдээллээ. Тус мэдээнд дурдсанаар бол сүүлийн нэг сарын хугацаанд Оростой хил залгаа Хармөрөн мужийн нутагт энэ бар таван удаа харагдсан бөгөөд нэг нь 150 килограмм орчим жинтэй эмэгчин бар байжээ. Ой хөвч дотор төдийгүй зарим нэг нь засмал зам дээгүүр явж байгаад автомашины дуугаар ой руу зугатан орж буй дүрс камерын бичлэгт үлдсэн байна. Тус улсын Бар ирвэс хамгаалах газар эдгээр барыг хоёр улсын хил орчмоор нутаглаж байгааг тогтоожээ. Урд нь зөвхөн суурилуулсан камерын дүрс бичлэгт хааяа нэг өртөх, мөр, ялгадас нь ховор үзэгддэг байсан бол одоо засмал зам дээр хүртэл гарч ирж байгааг мэргэжилтнүүд тоо толгой нь өсөж байгаатай холбон тайлбарлаж байна. Тус газрын албаны хүн “Орос улстай хил залгах нутгийг хамгаалалтанд авч зэрлэг барын амьдрах орчныг сайжруулснаар, мөн идэш тэжээл болох зэрлэг амьтдын тоо толгой өссөнөөр дагаад барын тоо толгой мөн өсөж байгаа байдал ажиглагдаж байна” хэмээн хэлжээ. Зүүн Хойд Азийн биологийн судалгааны хүрээлэнгийн мэргэжилтэн хэлэхдээ “Зөвхөн бар биш буга зэрэг устах аюулд өртөөд байсан зэрлэг амьтдын тоо өсөж байна” гээд энэ нь тус хүрээлэнгээс өнөөг хүртэл авч хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрийн үр дүн хэмээн тайлбарлажээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.