images

Нью-Йорк: Монгол генерал НҮБ-ын хуралд оролцов

Ж.Ариунгэрэл

Дэлхий дүүрэн монголчууд

2025-04-14


   НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны цэргийн хүчний командлагч нарын ээлжит бага хурал АНУ-ын Нью-Йорк хот дахь НҮБ-ын Төв штабт боллоо. Уг хуралд Монгол улсын төлөөлөл анх удаа оролцсон бөгөөд Кипр улсад явагдаж буй НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааг удирдаж буй хошууч генерал Б.Эрдэнэбат бусад командлагч нарын хамтаар оролцжээ. Өнөөдрийн байдлаар НҮБ дэлхийн 11 халуун цэгт энхийг сахиулах ажиллагаа явуулж байна. Тэдгээр нь Африкт Өмнөд Судан, Ардчилсан Конго, Төв Африкийн БНУ, Баруун Сахар, Сомали, Азид Энэтхэг, Пакистаны хил, Ойрх Дорнодод Голаны өндөрлөг, Ливан, Европт Косово, Кипр бөгөөд Кипр дэх цэргийн хүчний командлагчаар Монголын Зэвсэгт хүчний Агаарын цэргийн штабын дарга, бригадын генерал Б.Эрдэнэбат өнгөрсөн оны хоёрдугаар сард томилогдсон юм. Кипр улсад мордохынх нь өмнө Монгол улсын ерөнхийлөгч У.Хүрэлсүх түүнд хошууч генерал цол олгосон билээ.  

   Нью-Йорк хотод болсон хурлаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны газрын дарга Жан Пьер Лакруа, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын цэргийн зөвлөх, хошууч генерал Черил Пиерс нар хүчний командлагч нарыг хүлээн авч уулзжээ. Бага хурлаар НҮБ-аас өнөөгийн дэлхий дахины аюулгүй байдлын өөрчлөлт, эдийн засгийн нөхцөл байдал, хүндрэл, бусад нөхцөл байдалтай холбоотойгоор Энхийг сахиулах ажиллагаанд хийгдэх өөрчлөлтүүдийн талаар санал солилцож, ажиллагаануудын цагийн байдлын талаар мэдээлэл сонссон байна. Мөн НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагааны давуу тал, сорилт, боломж, аюул заналхийллийг үнэлэх, зөвлөлдөх, цаашдын харилцаа, хамтын ажиллагааны талаар хэлэлцжээ. Энэ бага хурал нь жил бүр зохион байгуулагддаг бөгөөд ирэх тавдугаар сард ХБНГУ-д болох НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд цэрэг илгээгч орнуудын Батлан хамгаалахын сайд нарын чуулганы өмнө зохион байгуулагдаж байгаагаараа онцлог юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.