Хамгийн эртний жинсэн өмд дуудлага худалдаанд оров
Анд нөхдийн мэдээ
2022-12-12
АНУ-ын Невада мужид болсон дуудлага худалдаагаар 19 дүгээр зууны үед хамаарах 270 ширхэг эд зүйл нэг сая орчим долараар зарагджээ. Эдгээр эд зүйлсийн дотроос 1857 онд далайд живсэн хөлөг онгоцноос олдсон ажлын зориулалттай жинсэн өмд 114 мянган доллараар зарагдсан тухай “АР” агентлаг мэдээллээ. Уг өмд цагаан өнгөтэй, таван товчтой бөгөөд “Live’s” 1873 онд анх жинсэн өмд үйлдвэрлэхээс даруй 16 жилийн өмнө хийгдсэн зүйл болохыг дуудлага худалдаа зохион байгуулагчид мэдэгдсэн байна. Тухайн үед алтны уурхайд ажилладаг байсан уурхайчид амархан элэгддэггүй, хатуу материалтай жинсэн өмдийг ажлын хувцас болгон өмсдөг байсан ажээ. Энэ талаар “Live’s” компанийн албаны хүн тус агентлагийн сурвалжлагчтай ярилцахдаа “Энэ өмд яг хэзээ хийгдсэн талаар таамаглахад бэрх” гээд тус компанийн хийсэн бүтээгдэхүүн биш болохыг хэлсэн байна. Харин “АР” агентлаг уг өмд нь 1857 оны 9 дүгээр сард “Central America” хөлөг онгоц живэхээс өмнө хийгдсэн болох нь тодорхой зүйл хэмээн мэдэгджээ. Энэхүү түүхэн эдийг хадгалж байгаад дуудлага худалдаанд оруулсан Дуайт Мэнли “Тухайн үед уурхайчид өмсөж байсан энэхүү жинсэн өмд нь дэлхийн ямар ч үнэтэй цуглуулганд байхгүй ховор эд” хэмээн хэлсэн байна. 1857 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр Сан-Францискогоос хөдөлсөн “Central America” хөлөг онгоц Панамын сувгаар дайран Нью-Йорк хот руу явж байх замдаа далайн хар шуурганд цохигдон хоёр мянга гаруй метрийн гүнд живсэн бөгөөд 425 зорчигчоос 153 хүн аврагдаж байсан ажээ. Уг хөлгийг 1988 онд далайн гүнээс гаргаж ирэхэд олон мянган доллароор үнэлэгдэх алт болон бусад үнэт эдлэл олдож байсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.