images

10 баримт: Чарли Чаплин

Н.Ариунсайхан

10 баримт

2025-04-16


      Одоогоос 136 жилийн өмнөх яг энэ өдөр Холливүүдийн алдарт жүжигчин, найруулагч Чарли Чаплин хорвоод мэндэлжээ. Нэг ч үггүйгээр үйл хөдлөл, царайны хувирлаараа инээдмийн кино урлагийн өнгө төрхийг тодорхойлж байсан домогт жүжигчний төрсөн өдрийг тохиолдуулан түүний талаарх 10 баримтыг хүргэж байна.

 

1. Чарли Чаплин 1889 оны дөрөвдүгээр сарын 16-нд Их Британийн нийслэл Лондон хотод төржээ. 

2. Түүний эцэг Чарльз Спэнсэр Чаплин 1880-аад оны дундуур Лондонд нэрд гарсан дуучин байсан бол эх Ханна нь янз бүрийн театрт дуулж, бүжиглэдэг байжээ.

3. Ч.Чаплин 90 гаруй кинонд дүр бүтээснээс "The Kid" (1921), "City Lights" (1931), "Modern Times" (1936),  "The Great Dictator" (1940) зэрэг кино нь илүү алдартай.

4. "Чарли Чаплинтай хэн адилхан болох вэ?" тэмцээнд Ч.Чаплин өөрөө ялагдаж байсан тухай цуу яриа байдгаас хамгийн үнэмшилтэй нь Сан-Францискод болсон явдал гэнэ. Тэрбээр тэмцээний эхний шатыг ч давж чадаагүй хасагдсан гэж ярьдаг. Гэвч Ч.Чаплин эдгээр ярианы алиныг нь ч үнэн хэмээн баталж байгаагүй юм.

5. Тэрбээр төгөлдөр хуур, хийл зэрэг хөгжмийн зэмсгийг эзэмшсэнээс гадна олон киноныхоо хөгжмийг өөрөө зохиожээ. Тухайлбал, "City Lights", "Modern Times" киноны хөгжим түүний бүтээл юм. Тэрбээр амьдралдаа гурван удаа "Оскар"-ын шагнал авсны нэг нь 1973 онд киноны хөгжмөөр авсан "Оскар"байв. Нөгөө хоёр нь Кино урлагт оруулсан хувь нэмрийн төлөө олгодог "Оскар" юм.  

6. Хэдийгээр Ч.Чаплин Холливүүдийн алтан үеийн алдартнуудын тод томруун төлөөлөгч хэдий ч АНУ-ын иргэн байгаагүй юм. Улс төрийн үзэл бодол, хувийн амьдралын дуулиан шуугиан нь жүжигчнийг олны хэл амны бай болгож, улмаар Швейцар руу нүүхэд хүргэсэн бөгөөд тэрбээр амьдралынхаа сүүлийн хэдэн арван жилийг тэнд өнгөрөөжээ. 

7. Ч.Чаплиныг өөд болсноос нэг жилийн дараа 1978 онд Швейцар дахь түүний булшийг тонож байжээ. Дээрэмчид түүний эхнэр Оонагаас барьцаа нэхсэн ч удалгүй баригдсан юм. Ч.Чаплины шарилыг дахин оршуулаад, ийм явдал дахин гарахаас сэргийлж булшин дээр нь бетон цутгасан гэдэг. 

8. Альберт Эйнштейн, Чарли Чаплин хоёр бие биенээ шүтэн биширдэг байжээ. А.Эйнштэйн 1931 онд Ч.Чаплины "City Lights" киноны нээлтэд оролцож байв. Нэг удаа А.Эйнштейн хэрхэн алдартан болсон талаар нь Ч.Чаплинаас асуухад "Хүмүүс намайг сайтар ойлгодог учраас алга ташдаг. Харин таныг огт ойлгодоггүй мөртлөө алга ташдаг" гэж хариулсан байна.

9. Түүний төрсөн охин, жүжигчин Жеральдин Чаплин 1992 онд эцгийнхээ намтраар кино хийсэн бөгөөд өөрөө эмээгийнхээ дүрд тоглож байжээ.

10. 2024 онд түүний тухай "Chaplin: Spirit of the Tramp" баримтат киног ач охин Кармен Чаплин нь найруулж бүтээсэн бол бас нэг ач Долорес Чаплин продюсерээр нь ажилласан юм. Кинонд Ч.Чаплины гэр бүл, үр хүүхдүүд түүнтэй холбоотой дурсамжаа ярьж, амьд ахуй үеийнх нь хэд хэдэн ховор дүрсийг үзүүлжээ. Энэ киног өнгөрөгч 11-ний өдөр Макаогийн инээдмийн киноны олон улсын наадмын үеэр олон нийтэд үзүүлжээ. Киног мөн энэ сарын 18-нд нээлтээ хийх Бээжингийн 15 дахь удаагийн олон улсын кино наадамд үзүүлэх аж.

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.