Тайланд улс 10 сая дахь жуулчнаа хүлээж авлаа
Анд нөхдийн мэдээ
2022-12-12
Цар тахлын хорионоос болоод аялал жуулчлал нь нэг хэсэг бүрэн зогсоод байсан Тайланд улс энэ жил 10 сая гадаадын жуулчин хүлээн авчээ. Энэ сарын 11-ний өдөр Бангкок, Чианг Маи, Пукет зэрэг дотоодын долоон нисэх буудал дээр 10 сая дахь жуулчин хүлээж авсанаа баяр ёслол болгон тэмдэглэсэн тухай “Bangkok Post” сонин мэдээллээ. Ерөнхий сайд Праут Чан-о-Ча өөрийн биеэр нисэх буудал дээр зорьж ирэн 10 сая дахь жуулчныг хүлээн авч баяр хүргээд бэлэн мөнгөөр 200 мянган бат бэлэглэсэн байна. Тэрбээр “Улс орноо дэлхийн бүх хүмүүсийн зорин ирэх дуртай газар болгохын тулд бид хичээн ажиллаж байна. Бид бүх салбарт гадаадын зочдыг хүлээн авахад бэлэн байгаа” хэмээн мэдэгджээ. Тус улс 2019 оны байдлаар жилд 40 сая орчим жуулчин хүлээн авдаг байсан бол цар тахлын хоригоос болж энэ тоо өнгөрсөн жил 400 мянга болтлоо буурсан бөгөөд энэ жилээс Засгийн газар нь аялал жуулчлалын тодорхой бодлого гарган ажилласны дүнд уг салбар ийнхүү дахин сэргэж байна. Тус улсын аялал жуулчлалын салбар нь дотоодын нийт бүтээгдэхүүний 20 хувийг эзэлдэг хамгийн гол салбар юм. Мөн тус улсын Засгийн газар ирэх онд 23 сая жуулчин авахаар төлөвлөөд байгаа бөгөөд 2024 он гэхэд цар тахлын өмнөх үедээ эргэж очихоор төлөвлөсөн ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.