images

Японы хувийн хэвшлийн компани саран дээр буух төхөөрөмж хөөргөлөө

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2022-12-12


     Саран дээр төхөөрөмжөө буулгасан дэлхийн анхны хувийн хэвшлийн компани болох зорилготой Японы гарааны бизнесийн компани өчигдөр АНУ-ын Флоридагийн сансрын станцаас “SpaceX Falcon 9” пуужингаар төхөөрөмжөө хөөргөсөн тухай “Kyodo news” агентлаг мэдээллээ. “Hakuto-R” хайгуулын хөтөлбөрийн нэг хэсэг, “Ispace” компанийн хөгжүүлсэн газардагч хэвийн явж хүрвэл ирэх оны 4 дүгээр сард саран дээр буух юм. Энэ хөтөлбөрийн эхний шатыг япон ардын үлгэрт гардаг саран дээр амьдардаг цагаан туулайгаар нэрлэсэн бөгөөд саран дээр ачаа хүргэх зорилготой. Үүнд Японы сансрын хайгуулын агентлаг, “Tomy” компани, Арабын нэгдсэн Эмират улсын хөгжүүлсэн хувирах боломжтой жижиг робот багтана. Тэр робот нь бөмбөг хэлбэртэй, 8 сантиметрын диаметртэй, 250 грамм жинтэй аж. “Ispace” компани 2010 онд байгуулагдсан бөгөөд дэлхий, сар хоёрын хооронд хямд өртгөөр тээврийн үйлчилгээ бий болгох, сарны нөөцийн технологийг хөгжүүлэхийг зорьдог байна. Ингэхдээ хүмүүс сар луу зорчихдоо тусгай сансрын хувцас өмсөхгүй байх аргыг олж хөгжүүлэх зорилготой гэжээ. Тэдний хөөргөсөн аппарат нь 2.3 метр өндөр, 2.6 метр өргөн бөгөөд өмнө нь ЗХУ, АНУ, БНХАУ ийм төхөөрөмж саран дээр буулгасан юм. “Ispace” компани саран дээр буух дараагийн төхөөрөмжөө 2024 онд хөөргөхөөр төлөвлөжээ.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.