Ерэн настай эмээ их сургууль төгсөв
Анд нөхдийн мэдээ
2022-12-13
Их сургуульд сурч байхдаа гэрлээд сургуулиа түр орхисон нэгэн бүсгүй 71 жилийн дараа 90 нас зооглосон хойноо сургуулиа үргэлжүүлэн сурч төсгөөд баклаврын дипломоо гардан авлаа. “USA Today” сонины мэдээлснээр өдгөө 90 настай Жойс ДеПау өчигдөр Чикаго хотын Хойд Иллинойс их сургуулийн төгсөлтийн ёслолд оролцож хориод насны залуустай зэрэгцэн дипломоо гардан авсан байна. Тэрбээр тайзан дээр агрч ирээд “Энэ мөчийг 71 жил хүлээлээ. Их сонин мэдрэмж. Сэтгэл маш ихээр хөдөлж байна” хэмээн хэлжээ. ДеПау эмээ 1951 онд тус сургууль багш нарыг бэлддэг түр сургууль байхад нь бага сургуулийн багш болох мөрөөдөл тээн анх элсэн орсон аж. Бага ангийн багшийн мэргэжлийн ангиа гэр бүл төлөвлөлтийн анги болгон өөрчилж гуравдугаар курс хүртэл суралцсан тэрбээр 1955 онд төрөлх хотынхоо сүмд явж байгаад “сэтгэл алдрам сайхан залуу”-тай учирч удалгүй тэд гэрлэснээр сургуулиасаа чөлөө авчээ. Гэрлээд гурван хүүхэд төрүүлсэн хэдий ч нөхрөөсөө салсан байна. Удалгүй дахин гэрлээд зургаан хүүхэд төрүүлсэн бөгөөд үр хүүхдээ асрах, эр нөхрөө халамжлах ажилд бүхнээ зориулснаар сургуульдаа эргэж орж чадсангүй. Гэсэн ч хэзээ нэгэн цагт сургуульдаа эргэн орж төгсөх мөрөөдлөө тээсээр явжээ. Гэвч мөрөөдлөө биелүүлж чадахгүй явсаар насан өндөр болж асрамжийн газар очсон хойноо компьютер сурч эхэлсэн бөгөөд энэ үед хүүхдүүд нь ээждээ хожуу ч гэсэн их сургуульдаа эргэн орж суралцах санал тавьснаар 2019 онд дал гаруй жилийн өмнөх оюутны үнэмлэхээ барьсаар сургуульдаа очиж бүртгүүлсэн аж. Энэ цаг үе нь цар тахлын хөл хорионы үетэй давхацсан тул асрамжийн газраасаа онлайнаар хичээлээ үзэх болсон байна. Энэ тухайгаа “Нас өтөлсөн хойноо их сургуулийн хичээл үзэх нь амаргүй даваа байсан. Шантрах үе их гарч байлаа” гээд ойр дотныхоо маш олон хүмүүст их сургуульдаа үргэлжлүүлэн сурах болсон тухайгаа дуулгасан байсан болохоор хамаг хүчээрээ мэрийсээр сургуулиа төгсөж чадсан тухайгаа баяр бахдал дүүрэн ярьжээ. Тус сургуулийн албаны хүн ДеПау эмээ нийгмийн сэтгэл судлал, насанд хүрэгсдийн боловсрол зэрэг 10 хичээлийн 30 багц цаг судалснаар амжилттай төгсөж чадсан бөгөөд суралцах хугацаандаа тэтгэлэгт хамрагдаж байсан талаар ярьсан байна. Нийт 9 хүүхэд төрүүлж өдгөө 17 ач, 24 гучтай болсон эмээгийн төгсөлтийн ёслолд гэр бүлийнх нь хорь гаруй хүн ирж оролцжээ. “Энэ ертөнцөд сурч мэдэх зүйл тоогүй олон, хүний амьдрал сонирхолтой, бас баялаг. Тийм болохоор энэ амьдралыг учир утгатай, хүсэл мөрөөдөлтэй туулах хэрэгтэй” хэмээн цугласан олонд хандаж хэлжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.