images

“Харри Поттер”-ийн зохиолч ТББ байгуулжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2022-12-13


     “Харри Поттер”-ийн зохиогч Жоан Роулинг бэлгийн хүчирхийлэлд өртсөн хохирогч нарт туслах зорилгоор “Biera Place” нэртэй төрийн бус байгууллага байгуулсан тухай Английн ВВС телевиз мэдээллээ. Тэрбээр энэ байгууллагаа Англи, Шотландын эртний домогт гардаг өвлийн охин тэнгэрийн нэр болох Биерагийн нэрээр нэрлэжээ. Тус байгууллагын бүх ажилчид нь эмэгтэйчүүд байх бөгөөд зохиолчийн оршин суудаг Шотландын Эдинбург хотын иргэдийн дунд үйл ажиллагаа явуулж, бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүмүүст туслах аж. Ж.Роулинг ийм байгууллага байгуулсан нь тус улсын тарансжендерүүдийн эрхийг хамгаалах бодлоготой харшилж, бэлгийн цөөнхийн эрхэнд халдаж байна гэсэн маргаан үүссэн талаар тус телевиз мэдээлсэн байна. 2020 онд нэгэн олон нийтийн байгууллага эмэгтэйчүүдийг “Сарын тэмдэг ирдэг хүмүүс” гэж нэрлэснийг Ж.Роулинг эрс шүүмжилж “Эмэгтэй хүнийг эмэгтэй хүн л гэх ёстой” гэж хэлснийхээ төлөө трансжендер хүмүүсийг гадуурхсан үг хэлсэн хэмээн нийгмийн зүгээс томоохон шүүмжлэл хүлээж байжээ. Шотландын Засгийн газар хүйс солих мэс заслыг хүлээн зөвшөөрөх тухай хууль батлах талаар яриа гарахад үүнийг эсэргүүцсэн томоохон жагсаал болж зохиолч мөн үүнд дуу хоолойгоо өргөжээ. Хуулийн төслийг эсэргүүцэгчид энэхүү хууль батлагдвал дүрвэгсдийн хамгаалах байр, хорих газар зэрэг хүйсээр тусгаарлагдсан орон зайд муу нөлөө үзүүлнэ хэмээн үзэж байгаа тухай тус телевиз мэдээлэв.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.