Дэлхийн адууны өдөртэй болох Монголын санаачилгыг НҮБ дэмжин батлав
Чихэнд чимэгтэй
2025-06-04
НҮБ-ын Ерөнхий Ассамблэйн 73, 74 дэх удаагийн хурал энэ сарын 3-нд болж, жил бүрийн долоодугаар сарын 11-нийг Дэлхийн адууны өдөр болгох тогтоол гаргалаа. Дэлхийн адууны өдөртэй болох санаачилгыг адууны эдийн засаг, нийгмийн ач холбогдлыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор Монгол улс анх гаргасан юм. Тогтоолд 56 орон нэгдэж хамтран санаачлагч болсон бөгөөд тогтоолыг батлахад НҮБ-ын гишүүн 169 улс дэмжиж, ганц улс татгалзсан нь АНУ байсан бол нэг ч улс түдгэлзсэн санал өгөөгүй байна. Хурлын үеэр Монгол улсаас НҮБ-д суугаа байнгын төлөөлөгч Дэлхийн адууны өдрийн тогтоолын төслийг танилцуулсан бөгөөд тэрбээр “Адуу бол хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн чухал амьтны нэг” гэжээ. Ингэхдээ тээвэр, газар тариалан, уул уурхай, мал аж ахуй, аялал жуулчлал зэрэгт адуу тун чухал болохыг дурдаад, хүний амьдралын хэв маяг өөрчлөгдөж, техник технологийн дэвшил, эдийн засгийн хэлбэлзэл, байгаль орчны хүчин зүйлсээс шалтгаалж адууны тоо толгой, үүлдэр буурч байгааг онцолсон юм. Мөн монгол нүүдэлчдийн соёлд адуу тун чухал тул монголчууд адуугаа ихэд хүндлэн дээдэлдгийг, Монгол улс дэлхийд хамгийн олон адуутай орнуудын нэг болохыг хэлжээ. Ийнхүү долоодугаар сарын 11 буюу Монголын Үндэсний их баяр наадмаар Дэлхийн адууны өдөр тохиох болсонд манай улс голлох үүргийг гүйцэтгэв. Энэ өдөр нь адуу дагасан соёлын өвийг хамгаалах болон бусад олон бодит үйл ажиллагааг дэмжих зорилготой юм. Харин эл өдрийг батлахад эсрэг санал өгсөн АНУ-ын төлөөлөгч уг төслийг 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн хөтөлбөрт тусгасныг сануулсан бол Мексикийн төлөөлөгч адууны соёлын ач холбогдлыг хүлээн зөвшөөрсөн ч заавал тусгай өдөр тэмдэглэх шаардлагагүй гэсэн юм. НҮБ-ын Ерөнхий Ассамблэйн сүүлийн хоёр чуулганаар олон улсын 27 өдөр, найман жилийг зарласныг тэрбээр дурдаад “Ийм санал улам олширч байгаад санаа зовниж байна” хэмээн шүүмжилжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.