Дэлхийн аварга М.Цэрэнлхамын аав ээж, өвөө эмээгийн алдарт тамирчны замнал
Чихэнд чимэгтэй
2025-07-02
3х3 сагсан бөмбөгийн дэлхийн аваргын мөнгөн медальт тамирчид өнөөдөр Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Гавьяат тамирчин цол тэмдгээр энгэрээ мялаасан билээ. Тэдний нэг, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын уугуул М.Цэрэнлхам нь удам дамжсан тамирчин бөгөөд түүний өвөө М.Долгорсүрэн волейболын спортын Олон улсын хэмжээний мастер бол эмээ А.Лосолмаа нь ширээний теннисний Спортын мастер цолтой тамирчин аж. Харин ээжийнх нь аав Ш.Дамдинсүрэн үндэсний бөхийн Аймгийн арслан цолтой, аймгийн наадамдаа хоёр удаа түрүүлж байжээ. М.Цэрэнлхамын аав Д.Мөнхсайхан, ээж Д.Одсүрэн хоёул теннис, волейболоор аймаг орон нутагтаа төдийгүй улсад амжилт гаргаж байсан тамирчид аж. Тиймээс ч М.Цэрэнлхам аав ээжийн дэмжлэгээр багаасаа волейболын спортоор хичээллэж, ирээдүйтэй тамирчин гэгддэг байжээ. Сонирхолтой нь тэрбээр сагсан бөмбөгийн спортоор ШУТИС-д оюутан болсон цагаасаа хичээллэж 18 настайдаа анхны улсын тэмцээндээ оролцсон тухайгаа 2022 онд өгсөн ярилцлагадаа дурссан байна.
М.Цэрэнлхамын өвөө М.Долгорсүрэн волейболын спортоор 60 гаруй жил хичээллэхдээ 1966-1970 онуудад Биеийн тамирын дээд сургуулийн шигшээ баг, 1968 онд Залуучуудын улсын шигшээ багт тоглодог байжээ. Тэрбээр шигшээ багийн тоглогч байхдаа Улсын аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль, 1971 оны Монголын бүх ард түмний IV наадмаас хүрэл медаль хүртэж байв. Улмаар 1980 онд волейболын спортын Дэд мастер, 1995 онд Спортын мастер, 2012 онд Олон улсын хэмжээний мастер цол авчээ. Монгол хэлний багш мэргэжилтэй М.Долгорсүрэн боловсролын салбарт багш, хичээлийн эрхлэгч, сургалтын менежер, зөвлөх багшаар 45 жил ажиллаад гавьяаныхаа амралтад гарсан хүн юм. Энэ хугацаандаа тэрбээр залгамж халаа, хойч үеэ бэлдэхэд онцгой анхаарч, ажилласан сургууль бүртээ волейболын секц хичээллүүлэн, аймгийн өсвөр үе, залуучуудын шигшээ багийг дасгалжуулан, улмаар улсын цол, зэрэгтэй 80 гаруй тамирчныг бэлтгэн гаргажээ. Харин М.Цэрэнлхамын эмээ А.Лосолмаа МУИС-ийг орос хэлний багш мэргэжлээр төгссөн бөгөөд сурагч байхаасаа ширээний теннисний спортоор хичээллэж, МУИС, Баянхонгор аймгийн теннисний шигшээ багт олон жил сайн тоглохдоо Монголын бүх ард түмний наадам, Улсын аварга шалгаруулах тэмцээнээс хоёр мөнгө, таван хүрэл медаль хүртсэн байна. Харин түүний аав Д.Мөнхсайхан нь одоо Баянхонгор аймгийн Засаг даргаар ажиллаж байгаа бөгөөд ширээний теннисний Улсын аваргын мөнгөн медальтай аж. М.Цэрэнлхам ШУТИС-ийг Барилгын сургуулийг автозамын инженер мэргэжлээр төгссөн бөгөөд оюутан байхдаа ШУТИС-ийн волейбол, сагсан бөмбөг, гандболын шигшээ багт тоглодог байв.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.