Японы эзэн хаан Монголд хийх айлчлалынхаа талаар мэдээллээ
Анд нөхдийн мэдээ
2025-07-03
Японы эзэн хаан Нарүхито, хатан Масако нар Монгол улсад энэ сарын 6-13-ны хооронд айлчлах гэж байгаа билээ. Иймд Японы эзэн хааны гэр бүл өчигдөр хэвлэлийн бага хурал хийж айлчлалын талаар мэдээлэл өгөв. Уг мэдээллээр, хаан, хатан хоёр төрийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээ, Үндэсний их баяр наадмын нээлт, япон цэргүүдийн булшийг эргэж хүндэтгэл үзүүлэх зэрэг арга хэмжээнд оролцох ажээ. Мэдээлэл өгөх үеэрээ Нарүхито угсаа залгамжлах ханхүү байхдаа буюу 2007 онд хоёр улсын найрамдалт харилцааны 35 жилийн ойгоор Монгол улсад айлчилснаа дурсав. Тэрбээр “Энэ удаагийн айлчлал нь Япон, Монгол хоёр улсын эртнээс харилцаж ирсэн түүхэн үйл явдлууд дээр суурилсан, түүхийг эргэн харсан айлчлал болоосой гэж хүсэж байна” гэжээ. Харин хатан Масако “Монголын их тал, түүх, соёлыг дэргэдээс нь харах болсондоо маш их баяртай байна” гэв. Сонирхуулахад, хатан Масако нь Харвардын их сургуулийг төгссөн, дипломатч мэргэжилтэй билээ.
Дэлхийн II дайны 80 жилийн ойг энэ жил тэмдэглэх үеэр эзэн хаан Нарүхито Ивожима, Окинава арал, Хирошима хотуудаар зочилсон юм. Тиймээс түүхийн хүнд хэцүү цаг үе, дайны хор хөнөөлийг залуу үедээ таниулах зорилгоор амиа алдсан цэргүүдийг хүндэтгэн, тэдний зовлон шаналлыг мэдрэх нь энэ айлчлалын чухал хэсэг ажээ. Учир нь, дайны дараа ЗХУ-д хоригдож байгаад Монголд цөлөгдсөн 14000 япон цэргийн 1700 нь шорон, цаг агаарын хүнд нөхцлийн улмаас нас нөгчсөн баримт бий. Энэ тухай Нарүхито ярихдаа “Олзны япон цэргүүд Монголын Засгийн газрын ордон, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр зэрэг барилгыг барьсан нь өнөө хэр Улаанбаатарт байна. Тэд эрс тэс уур амьсгалтай, хүнд хэцүү нөхцөлд амьдарч байсан хэдий ч хариуцсан ажилдаа бүх хүчээ дайчилж Монголын ард түмний хайр хүндлэлийг хүлээсэн гэж би дуулсан” хэмээн ярьжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.