images

АНУ: Эхдээ гологдсон тахийн унагыг америк гүүнд авхуулжээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2025-07-08


   Устах аюултай амьтны жагсаалтад ордог Пржевальскийн адуу буюу монгол тахь дэлхийн хэд хэдэн орны амьтны хүрээлэнд байдаг. Түүний нэг нь АНУ-ын Миннэсотагийн амьтны хүрээлэн юм. Тус хүрээлэнгийн Нади дуудлагатай тахийн гүү хоёр сарын өмнө унагалжээ. Гэвч төрөөд Марат хэмээх нэр авсан унага нь хүнд өвчин туссан тул Миннэсотагийн их сургуулийн малын эмч нар авч явж эмчлээд буцааж авчиртал эх нь голсон байна. Тиймээс амьтны хүрээлэнгийнхэн унагыг Алис дуудлагатай америк одой гүүнд авхуулжээ. Учир нь, Алисын унага үхсэн тул тахийн унагыг өөрийн мэт авсан аж. Ийнхүү энэ явдал тахийн унагыг буюу Азийн зэрлэг адууг америк одой адууны гүүнд авхуулсан анхны тохиолдол болов. Гэхдээ америк одой гүү нь одой морь шиг давжаа биетэй биш бөгөөд америк, араб морины эрлийз, жижгэвтэр биетэй адуу юм.

   Амьтны хүрээлэнгийн ажилтнууд унагыг Марат гэж нэрлэсэн нь “эр зоригтон” гэсэн утгатай бөгөөд унага нялхаасаа л эр зориг гарган амьдарч буйг илтгэсэн байна. Төрөлхийн үе мөчний өвчтэй төрсөн унага хөл дээрээ эгц зогсож чадахгүй газар хэвтсээр хөхөө олигтой амлаж чадахгүй байв. Мөн газар хэвтсээр нянгийн халдвар авсан төдийгүй уушгины өвчин тусаад эдгэсэн байна. Улмаар эхдээ гологдсон унагыг хэрхэхээ амьтны хүрээлэнгийнхэн ярилцаад, "Угжиж тэжээгээд өсгөж болох ч яг зэрлэг адгуус байхыг зааж өгч чадахгүй" гэж үзсэн тул өөр эхэд авхуулахаар болжээ. Гэхдээ мэргэжилтнүүд унагыг одой гүүтэй удаан хамт байлгахгүйгээр шийджээ. Тэд зэрлэг адуу зэрлэг байх ёстой гэсэн зарчим баримталж байгаа бөгөөд Маратыг том болохоос нь урьтаж амьтны хүрээлэнгийн насанд хүрсэн тахийн сүрэгт нийлүүлэхээр төлөвлөж байгаа юм. Зэрлэг тахь одоогоор Монгол, Хятад, Казахстан, Орос, Украинд сэргээн нутагшуулж байгаагаас манай улсад хамгийн олон толгой бий. Гэхдээ дэлхий даяар 2000 хүрэхгүй тахь байгаа тул унага бүр нь эсэн мэнд үлдэх нь тун чухал болохыг Миннэсотагийн амьтны хүрээлэнгийнхэн онцолжээ.

Нүүр зурагт: Америк одой гүү Алис зогсож, тахийн унага Марат хэвтэж байна,

2025 оны зургаадугаар сарын 26. Миннэсотагийн амьтны хүрээлэн.

Гэрэл зургийг: AP агентлаг.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.