images

Монголын хөлбөмбөгчин дэлхийн сүпер одуудтай Катарын дэвжээнд

Д.Бизьяа

Чихэнд чимэгтэй

2022-12-16


     Хөлбөмбөгийн ДАШТ-ий нэг чухал бөгөөд сонирхолтой үйл явдал болох “FIFA Legends Cup” тэмцээн өчигдөр Дохад өчигдөр эхэллээ. Европ, Өмнөд Америк, Ази, Африк, Арабын нийт 8 баг хоёр хэсэгт хуваагдаж тус бүр 30 минутаар тоглон өнөөдөр аваргаа шалгаруулах энэ тэмцээнд монгол тамирчин анх удаа оролцон дэлхийн хөлбөмбөгийн үе үеийн сүпер одуудтай ногоон талбайд гарч буй түүхэн үйл явдал болж байна. Тэр тамирчин нь Монголын хөлбөмбөгийн шигшээ багийн ахлагч асан Норжмоогийн Цэдэнбал юм. Олон улсын хөлбөмбөгийн холбооны (FIFA) ерөнхийлөгч Жанни Инфантино Н.Цэдэнбалыг “FIFA Legends” багт багтан тоглохыг урьсан урилга өнгөрөгч 10 дугаар сарын 25-нд ирсэн юм. Н.Цэдэнбалыг уг багт оруулах санаачлагыг FIFA-гийн удирдлагын түвшинд ярилцаж ажил хэрэг болгосон хүн нь Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч А.Ганбаатар бөгөөд түүний энэ хүчин чармайлт ийнхүү Дохагийн дэвжээнээ ажил хэрэг болж байна.

     Н.Цэдэнбал нарын ази хөлбөмбөгчдөөс бүрдсэн “East Tigers” баг өчигдөр “Arab Falcons”, “Northern Bears”, “African Lions” багуудтай учраа тааран тогложээ. “FIFA Legends Cup”-т үе үеийн дэлхийн сүпер одууд тоглож байгаа бөгөөд тухайлбал “African Lions” багт Дидье Дрогба, “European Wolves” багт Лотар Матеус, Икер Касильяс, Алессандро дель Пьеро, Франческо Тотти, Юрген Клинсманн, Юри Жоркайф, “South African Panthers” багт Кака, Роберто Карлос, Роналдиньо, “European Dragons” багт Андрей Шевченко, Петер Шмайхель, Христо Стоичков нар тоглож байгаа юм. Дэлхийн хэмжээний тэдгээр одуудтай монгол хөлбөмбөгчин нэг талбайд ийнхүү анх удаа мөр зэрэгцэн тоглож байгаа нь манай хөлбөмбөгийн түүхэнд тэмдэглэхүйц онцгой үйл явдал болж байна хэмээн манай сурвалжлагч Дохагаас өнөөдөр мэдээллээ.

     Монголын хөлбөмбөгийн шигшээ багийн бүрэлдэхүүнд 2009 оноос хойш 34 удаа тоглож, 7 гоол оруулсан Н.Цэдэнбал МХБХ-ны Дээд лигийн хоёр удаагийн аварга, МХБХ-ны Цомын гурван удаагийн аварга, мөн гурван удаа лигийн шилдэг тоглогчоор шалгарч байв. Тэрбээр Монголын хөлбөмбөгт зүтгэсэн 22 жилийн замналаа 2021 онд өндөрлүүлж, албан ёсоор зодог тайлсан юм. 

Н.Цэдэнбал FIFA-гийн ерөнхийлөгч Ж.Инфантиногийн хамт. 2019 он.

Н.Цэдэнбал Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч А.Ганбаатарын хамт. 2022 он. Доха.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.