Т.Пүрэвжаргал: Жигүүр
Чихэнд чимэгтэй
2022-12-19
Өнгөрсөн бямба гарагт болсон “Ярууслын чуулган” наадмын эцсийн шатанд шалгарч үлдсэн 9 бүтээлээс редакцийн сонголтоор Т.Пүрэвжаргалын “Жигүүр” шүлгийг уншигчдадаа толилуулж байна. Тэрбээр уг шатанд шалгарсан цорын ганц эмэгтэй найрагч юм.
ЖИГҮҮР
Одоо би жигүүр урган нисэж байна
Орон гэрээ тээр хол орхиод дүүлж явна
Үр хүүхдэд минь өчигдөр үлгэр ярьж өгсөн
Өвгөн сарны туулай зүүдлээд унтаж байна
Санаандгүйгээр олоод харчихсан сайхан зүйл минь
Салаад явж чадахгүй анд минь утгын гүний лаа юм
Одоо би нэг л их дуншиж байна
Оддоос сарыг сураглаад ойн чөлөөнд гэрэлтэх
Цэцэгнээс хувилсан үзэсгэлэнт дагинасын төрхөөр
Хэн ч эрээд оломгүй хэтэрхий гүнд оршиж
Хэцийн хөх салхинаас сураг дуулах гэж хөөрөөд
Өөрийнхөө дотор ороод суучихсан ивээлтэй
Жижигхэн шарга дэнлүүний дэргэд би
Гүн тайгын моддоос цасны гунигийг асууж
Гөрөөчин аавынхаа цантсан морины сормуусыг
Жаахан алгаараа хайлуулж зогссон өөрийгөө санаад
Юуг ч юм өрөвдөөд уйлчихсан намайг
Ерөөсөө хамгийн удаанаар эрхшээх гэж
Тэр нэгэн өвлийн цонхигор бүгээн сартай шөнө
Тэнгэрийн цагаан заадастайгаа хамжаад
Дээлний минь бүлээн энгэрт нэгэн од нуучихсан байх аа
Тэгээд л би бөхмөөр байсан ч амьдармаар
Өөрийг минь шуургалан сарниах бас гишгэн өвтгөх харцтай
Өргөн, нарийн, урт, богино олон мөрийг уучилсаар
Уучилсан гэлээ ч уйлж суугаа намайг
Эсрэн хурмаст эрдэнийн шүхрээ дэлгээд нөмөрлөнө
Зовж зүдэж яваагаа өөрийн үйл хэмээн сэтгэнэм
Зохирогч, үл зохирогч илбэт орчлон минь ээ
Саяхан шинээрээ байсан мөрөөдлөө
Навч болгон хэлхэж чинад шилтгээн урлаад
Сүүдэрт нь тоорын мод болон улааран ургаж байна
Тэгээд л би хамгийн удаанаар жаргах гэж
Агаар цуулан дэвээд ирсэн шувуудын өднөөс
Цаст Гималайн хүйтэн салхийг өндгөөрөө тэмтэрч мэдрээд
Дахиад, дахиад л нисэхийн зүдрэлт жаргалыг мөрөөснөм
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.