Монголын жааз хөгжимчид шинэ оны эхний өдөр Австралид тоглоно
Чихэнд чимэгтэй
2022-12-28
Монголын залуу жааз хөгжимчдийн хамтлаг Австралийн Ньюкасл хотод болж буй жааз хөгжмийн 76 дахь удаагийн наадамд уригджээ. Дөрвөн өдөр үргэлжлээд 31-нд дуусах энэ наадмын дараа тэд Австралийн зүүн эргийн Госфорд хотод шинэ жилийн эхний өдөр тоглох бөгөөд улмаар Мельбурн, Канберра, Сидней хотуудын тайзнаа гарах аж. Госфорд хотод болох тэдний тоглолт 2023 оны нэгдүгээр сарын 1-нд тус хотын “Scenic Lounge” танхимд болно. "Mongolian All Stars” хэмээх энэ хамтлагийн бүрэлдэхүүнд дуучин Б.Энхжаргал, хөгжимчин Г.Хонгор, У.Биндэр, Б.Хүслэн нар багтжээ. Насаар залуу боловч тэд гадаад дотоодын олон тайзнаа гарсан туршлагатай бөгөөд Энжи буюу Б.Энхжаргал нь Германд суралцаж буй, Б.Хүслэн нь Европт амьдардаг, тэндхийн олон орноор аялан тогложээ. Тэдэнтэй Германы жааз хөгжимчин Мартин Цэнкер хамтран ажиллаж байгаа юм. М.Цэнкер нь Кэнни Вашингтон, Жимми Кобб, Эд Тигпэн нарын дэлхийн хэмжээний жааз одуудтай тоглож байсан туршлагатай. Тэрбээр 2014 оноос хойш Улаанбаатарт амьдарч, Монгол улсын консерваторид жааз хөгжимчдийг бэлтгэх, тэднийг дэлхийн тайзнаа гаргахын төлөө хүчин зүтгэж байгаа ажээ.
Монгол, Австрали хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ жил тохиож байгаа юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.