images

Монголд зургийг нь авсан Солонгосын адал явдалт кинонд юу гардаг вэ?

Ж.Ариунгэрэл

Чихэнд чимэгтэй

2023-01-05


     Солонгосын SBS телевизийн шинэ бүтээл “Payback” хэмээх киноны зарим зураг авалтыг өнгөрсөн зун Монголд хийсэн билээ. Зохиолоороо бол үйл явдлын багагүй хэсэг нь Монгол улсад өрнөдөг тул ийн зураг авсан уг киног Солонгосын үзэгчид тэсэн ядан хүлээж байна. Киноны гол дүрийг бүтээсэн И Сүн Гюн бол Солонгосын орчин үеийн алдартай жүжигчдийн нэг бөгөөд түүний тоглосон “A Hard Day”, “Parasite”, “Paju” зэрэг киног манай үзэгчид ч сайн мэдэх билээ.    

   Маргааш нээлтээ хийх уг киноны үйл явдлыг товчхон өгүүлбэл, хөрөнгө оруулалтын компани ажиллуулж асар их хөрөнгө цуглуулсан Юн Ён гэгч Монголд нуугдаж амьдарна. Хэдийгээр маш баян ч тэрбээр энгийн хүний дүрээр амьдарч, хөдөөгүүр морьтой аялж, орон нутгийнхантай хэл амаа амархан ололцож, нэг ёсондоо монгол хүнээс төдийлөн ялгарахгүй болсон байдаг. Мөн нуусан мөнгөө дуртай үедээ гарган хэрэгцээтэй зүйлдээ зарцуулж, дутах гачигдах зүйлгүй амьдарна. Нутагтаа буцахгүй, Монголд насыг барах бодолтой 10 дахь жилдээ тийн аж төрж байтал нэг өдөр утсанд нь Солонгосоос дуудлага ирнэ. Энэ дуудлагад тэрбээр маш ихээр цочирдох бөгөөд нуусан бичиг баримтуудаа гаргаж үзэн нэлээд эргэцүүлсний эцэст Солонгостоо буцахаар шийднэ. Ийм шийдвэр гаргах болсон шалтгаан нь урьд өөрт нь том тусалсан нэг хүнээс өшөө авах шаардлага гарсных байв.

   Киноны зургийг Монголд өнгөрсөн зун зургаан өдөр авсан бөгөөд өдгөө 46 настай И Сүн Гюн кинонд тоглосон монголчуудтай хэл нэвтрэлцэхийн тулд нэлээд олон монгол үг цээжилснээс гадна морь унаж сурчээ. “Зураг авалтын хугацаа ихээхэн шахуу байсан ч И Сүн Гюний чадварлаг тоглолт, Монголын байгалийн хосгүй үзэсгэлэн манай киног маш сонирхолтой болголоо” хэмээн уг киноны продюсер тухайн үед Солонгосын хэвлэлд ярьсан бий. “Payback” кино маргааш буюу 6-ны өдрийн 22 цагт Солонгосын KST телевизээр гарна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.