images

Шварценэггэр Чингис хааныг дуурайсан нь

Ж.Ариунгэрэл

Чихэнд чимэгтэй

2023-01-05


     1982 онд Холливүүдэд бүтээгдэн дэлгэцнээ гарч тухайн үеийн залуу жүжигчин Арнольд Шварценэггэрийг ихээхэн алдаршуулахын зэрэгцээ ашиг орлого ч их олсон “Conan the Barbarian” хэмээх домгийн кинонд Чингис хааны түүхээс хуулан авсан зүйл их байдаг талаар movieweb.com сайт өчигдөр нийтэлжээ. Тухайлбал, киноны хамгийн эхний харилцан ярианд “Энэ насны жаргал юу вэ?” хэмээн асуухад “Дайснаа дарж боолчлон, эмс охидыг нь эзэмдэх” гэж гардаг нь эр хүний жаргал юу болох талаар Чингис хаан өрлөг жанжид, хөвгүүдээс асуусан хийгээд хэрхэн хариулсан талаар “Судрын чуулган”-д өгүүлдгийг товчилсон нь тэр гэнэ. Мөн кинонд Конан хэдий баатар их эр боловч нохойноос зугтдаг нь Чингис хаан багадаа нохойноос айдаг байсныг ёгтоор үзүүлж буй хэрэг аж. Ган төмөр хэмээх зүйлийг киноны турш гаргадаг нь Чингис хааныг багад нь Тэмүжин гэдэг байсан, энэ нь дээд зэргийн ган гэсэн утгатай үг учраас тэр гэж уг сайт бичжээ. Эцэст нь уг киноны нэг баатрын нэр Subotai гэж байдаг. Конаны анд нөхөр энэ баатар киноны уг зохиолд гардаггүй, харин найруулагч нь Чингис хааны их жанжин Сүбээдэйг бэлгэдэн энэ баатрыг гаргаж ирсэн гэнэ. 

   Оскарын шагналт Жон Миллиусын найруулсан “Conan the Barbarian” кино тухайн үедээ 20 сая долларын зардлаар бүтэж 80 шахам сая долларын ашиг олсон юм. А.Шварценэггэр энэ кинонд тоглохдоо 35 настай байсан бөгөөд тэрбээр нийтдээ 30 гаруй кинонд тоглосны дөрөв дэх кино нь байжээ.     

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.