images

Монгол, Хятадын хилээр нэвтрэх журмыг танилцуулав

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-01-05


     Хятад улс “Ковид-19” цар тахалтай тэмцэх хорио цээрийн дэглэмээ шат дараатай бууруулж, 2023 оны 1 дүгээр сарын 8-наас хуурай замын хилийн боомтоо нээх болсон тул Гадаад харилцааны яамнаас өчигдөр мэдээлэл өглөө. Энэ үеэр эхний ээлжинд Замын-Үүд-Эрээний автозамын боомтын зорчигч тээврийн хөдөлгөөнийг ням гарагийн найман цагт нээнэ гэв. Мөн Хятад улсад зорчих иргэд 48 цагийн өмнө ковидын шинжилгээ өгч, сөрөг хариу авсан байх, тус улсын гаалийн өргөдлийг ухаалаг утсаараа англи, хятад хэлээр эсвэл цаасан хэлбэрээр монгол хэлээр урьдчилан бөглөсөн байх зэрэг тус улсаас тавьж буй шаардлагыг танилцууллаа. Замын-Үүд-Эрээний боомтоор эхний ээлжинд 300 зорчигчыг автобусаар нэвтрүүлэх ба цаашид иргэдийн тоог 500, 1000 зэргээр нэмэгдүүлэх ажээ. Мөн Эрээн хотод зорчих иргэдийг хүлээн авах 22 зочид буудлын нэрс, үнийн саналыг Хятадын талаас өгсөн байна. Харин тээврийн хэрэгслийн хувьд Хятад талын түншээрээ дамжуулан тээврийн хэрэгслийн жолооч болон тээврийн хэрэгслийн мэдээллийг Хятадын Гаальд урьдчилан бүртгүүлж, Худалдааны товчооноос баталгаа гаргуулсан байх ёстой ажээ. Тээврийн хэрэгсэл нь Хятадын стандарт, байгаль орчны шаардлагыг хангасан байх буюу хуучин загварын “УАЗ469” автомашин нь техникийн болон зорчигч тээврийн аюулгүй байдал, стандартыг хангахгүй. Харин Хятадаас Монгол Улсад зорчих иргэдийг журмын дагуу нэвтрүүлнэ.

     Тэгвэл ачаа тээврийн тухайд Монголын талаас нэг өдөрт тэвштэй болон тавцант чиргүүлтэй 100 ачааны автомашин нэвтрүүлэхээр бэлтгэж байгаа бөгөөд аажмаар тоог нь нэмэх юм. Ачааны тээврийн хэрэгсэл цар тахлын өмнөх үетэй адил Хятадын талд очоод ачааг чингэлэгтэй болон задгайгаар ачих ажээ. Тээврийн хэрэгсэл нь Монгол Улсын холбогдох хууль дүрмийн шаардлагыг хангасан байх бөгөөд Хятад улсын замын хөдөлгөөний дүрмийг баримтлан, ачааг хэтрүүлэн ачихгүй байх ёстой. Тээврийн хэрэгслийн мэдээллийг урьдчилан Хятадын Гаалийн байгууллагад бүртгүүлсэн байх бөгөөд ингэснээр цаашид хилээр нэвтрэх ачааны машины тоог нэмэх боломжтой гэлээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.