Усан үзмийн өлгий Узбекистанд Монгол улс ЭСЯ-аа нээнэ
Чихэнд чимэгтэй
2023-01-30
Монгол улс энэ жил Узбекистан улсад Элчин сайдын яамаа нээхээр бэлтгэж байгаа талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг өнөөдөр сэтгүүлчидтэй хийсэн уулзалт дээр анх удаа зарлалаа. Төв Азийн Узбекистан улс тусгаар тогтносныхоо дараа буюу 1992 онд Монгол улстай дипломат харилцаа тогтоосон бөгөөд байршлынхаа хувьд бүс нутгийнхаа худалдааны томоохон зангилаа газар юм. Манай улс Узбекистанд ЭСЯ нээснээр тус бүсийн орнуудад малын гаралтай түүхий эд тэр дундаа мах, махан бүтээгдэхүүн экспортлох өргөн боломж нээгдэхийн сацуу агаарын замаар сайн чанарын хямд жимс, ногоо импортоор авах бололцоотой болох юм. Узбекистан улс нь энэ төрлийн бүтээгдэхүүнээ манайд экспортлох сонирхол өндөр байгаа бөгөөд усан үзмийн тариалалтаараа гэхэд л бүс нутагтаа тэргүүлдэг энэ улс өнгөрсөн онд 190 мянган тонн энэ төрлийн жимс гадаадад экспортолсон байна. Мөн үзэм, тоор, тарвас, амтат гуа, улаан лооль, чангаанз их хэмжээгээр үйлдвэрлэн хилийн чанадад гаргадаг ажээ. 36 сая хүнтэй Узбекистан улсын гадаад худалдааны эргэлт 30 гаруй тэрбум доллар бөгөөд гадаад худалдааны гол түнш нь Хятад, ОХУ, Казахстан, Турк, Өмнөд Солонгос, Герман юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.