Европт тоглож буй анхны монгол хөлбөмбөгчин Монголын 2022 оны шилдгээр шалгарав
Чихэнд чимэгтэй
2023-02-08
Монгол улсаас Европ тивийн мэргэжлийн клубтэй гэрээ байгуулсан анхны тамирчин Ганболдын Ганбаяр Монголын хөлбөмбөгийн холбооны 2022 оны шилдэг тамирчнаар шалгарч “Алтан бөмбөг” шагналын эзэн боллоо. 2001 онд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод цагдаагийн албан хаагчийн гэр бүлд төрсөн Г.Ганбаяр Унгарын Пушкашийн хөлбөмбөгийн академид Монголоос суралцсан анхны тамирчин бөгөөд 2016 онд тус академийн “Puskás Akadémia” багтай гэрээ хийснээр Европт гарсан Монголын анхны хөлбөмбөгчин болсон юм. Тэрбээр 2020 онд Унгарын хөлбөмбөгийн дэд лигийн “Aqvital FC Csákvár” багт тоглосон бол өдгөө Словакийн “KFC Komárno” багт тоглож байна. Г.Ганболд Монголын хөлбөмбөгийн шигшээ багийн бүрэлдэхүүнд 2021 онд элссэн юм.
Монголын хөлбөмбөгийн холбооны оны шилдгүүдийг тодруулах “Алтан бөмбөг” ёслолын ажиллагаа өчигдөр “Улаанбаатар” зочид буудалд болсон бөгөөд “Шилдэг гоол”, “Шилдэг легионер”, “Шилдэг эмэгтэй тоглогч” гэх мэт долоон төрлөөр шилдгүүдээ шалгаруулсан юм. Энэ жил Монголын хөлбөмбөгийн холбоо түүхэндээ хамгийн олон буюу 46 тэмцээн, 1933 тоглолт зохион байгуулсан байна. Үүний өмнөхөн буюу хоёрдугаар сарын 2-нд Бахрейн улсын нийслэл Манама хотод болсон Азийн хөлбөмбөгийн холбооны ээлжит их хурлаар Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч А.Ганбаатар тус холбооны дэд ерөнхийлөгчөөр улиран сонгогдсон билээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.