images

Тэмээ хоолны газраар үйлчлүүлэв

Д.Бизьяа

Чихэнд чимэгтэй

2022-10-19


     АНУ-ын Лас-Вегас хотын төвд байрлах нийтийн хоолны газарт өчигдөр нэгэн тэмээ зочилж олны анхаарлыг татжээ. Үйлчлүүлэгч ихтэй гэдгээрээ алдартай түргэн хоолны газарт нэг бөхтэй тэмээ ирж зочны ёсоор үйлчлүүлсэн байна. Уг тэмээ ганцаараа биш, эзэнтэйгээ хамт иржээ. Гял цал болсон хотын төвд, тэгээд хоолны газарт тэмээ ирсэн явдалд хүмүүс ихэд сониучирхан зураг дарж, бичлэг хийж хөгжилдөн байсан агаад нөгөө нэг бөхт зочин үүнийг тоосон шинжгүй, эзнийхээ дэргэдээс салахгүй дагаж байсан гэнэ. Түүгээр ч үл барам дараалалд орон тэвчээртэй хүлээсээр зогсох тэмээндээ эзэн нь шарсан төмс, өөртөө гамбургер захиалаад хүмүүст хандан, тэмээ нь шарсан төмсөнд учиргүй дуртай, ийм маягийн хоолны газраар хоёулаа байнга үйлчлүүлдэг тухай сонирхуулан ярьжээ. Мөн түүний ярьснаар тэмээний нэрийг Fergie гэдэг бөгөөд Колорадо мужаас эндэхийн амьтан хамгаалах төвд хүргэгдэж ирээд нэлээд хэдэн жил болсон аж. Энэ орчиндоо сайн дасаад хотоор явж зугаалахаас гадна өлссөн үедээ энэ мэтээр хоолны газраар очиж, шарсан төмс зооглодог гэнэ. Хүмүүс “Лас-Вегасын төвд тэмээ харах үнэхээр сонин байна. Амьд тэмээ анх удаа үзлээ. Нүд нь тунгалаг, царай нь номхон дөлгөөн сайхан амьтан юм” гэх мэтээр ярьсныг орон нутгийн телевизүүд дамжуулав.   

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.