images

Парламентын хуралдаанд робот оролцов

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2022-10-19


Ai-Da нэртэй робот Английн парламентын чуулганы хяналтын хуралдаанд оролцож, гишүүдийн асуултанд хариулсан тухай тус улсын хэвлэлүүд өчигдөр мэдээлэв. Робот энэ өдөр телевизээр шууд дамжуулсан хуралдаанд зохион бүтээгч Аиден Меллертэй хамт оролцож, гишүүдийн асуултанд хариулжээ. Энэхүү хуралдаанаар шинэ техник технологи, соёл урлагийн салбар үйлдвэрлэлийн хөгжилд хэрхэн нөлөөлөх талаар хэлэлцсэн байна. Ai-Da богино хар үстэй, улаан хүрэн өнгийн цамцтай байсан бөгөөд гарын хэсгийн төмөр шуу нь ил харагдаж байжээ. Зохион бүтээгч нь роботоо босгож зогсоогоод өөрөө хажууд нь суун түүнийг зохион бүтээсэн үйл явцын талаар тайлбарлаж, илүү оновчтой сайн хариулт сонсохын тулд асуултаа урьдчилан өгөхийг Хяналтын зөвлөлийн гишүүдээс хүсчээ.

   Ai-Da гишүүдийн асуултанд хариулахдаа толгойгоо эргүүлэн орчин тойрноо харах, нүдээ ирмэх, амаа хөдөлгөх зэргээр хүний хийдэг хөдөлгөөнийг хийж байсан ажээ. Улмаар “Би бол компьютерийн программ бөгөөд алгоритм юм. Хэдийгээр амьд хүн биш боловч зураг зурж чадна” хэмээн хэлсэн байна. Мөн өөрөө том хэмжээний текст уншиж ойлгон шүлэг зохиож чадахаа илэрхийлжээ. Ярианыхаа явцад хааяа гацаж хэдэн минут хөдөлгөөнгүй болж байсан бөгөөд зохион бүтээгч нь суудлаасаа босон түүнд нарны шил зүүж өгөөд урагш бөхийлгөх, хөл дээрх товчлуурыг нь асааж унтраах, нүдний шилийг нь өөрөөр нь авахуулах зэрэг үйлдэл хийхэд хэвийн ажиллаж байв. Нэгэн гишүүн түүнээс зурагаа хэрхэн зурдаг, өөрийнх нь зурсан зураг хүний зурсан зургаас ямар ялгаатайг асуухад “Нүдэндээ суулгасан камер, хиймэл оюун ухааны алгоритм, гар зэргээ ашиглан зотон дээр зургаа зурж харааныхаа мэдрэмжээр өнгө оруулж чимэглэдэг” хэмээн хариулжээ.

   Ai-Da гэдэг нь хиймэл оюун ухаан гэх үгийн товчлол Ai болон дэлхийн анхны компьютерийн программист, математикч Ада Лавлэсийн нэрний хэсгийг залгаж бүтсэн нэр ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.