“Google” далийв
Анд нөхдийн мэдээ
2022-10-19
АНУ-ын Сансар судлалын агентлагийн (NASA) хөөргөсөн аппарат нарыг тойрон эргэлддэг Диморф хэмээх бага гаригийг очиж мөргөн эргэлтийн чиглэлийг нь өөрчилсөн билээ. 2021 оны 11 дүгээр сарын 24-нд хөөргөсөн “DART” хэмээх тэрхүү аппарат өнгөрөгч 9 дүгээр сарын 26-нд зорьсон байндаа очиж дэлбэрснээр NASA-гийн энэ төслийн зорилго бүрэн биелсэн бөгөөд энэ дэлхийг ирж мөргөх бололцоотой сансрын биетэд хүн төрөлхтөн нөлөөлж, болзошгүй аюулыг зайлуулах боломжтой болсныг нотолсон түүхэн үйл явдал болсон юм. Сонирхолтой нь “Google” компани энэ үйл явдлыг тэмдэглэж “Dart” аппаратын талаар хийсэн хайлтын үр дүнг харуулах нүүр хуудсаа тусгайлан өөрчилжээ. Юу гэвэл, хайлтын үр дүн гарч ирэнгүүт дэлгэцэн дээр “DART” аппарат нисэн гарч ирэх бөгөөд гаригийг мөргөн дэлбэрч байгаа нь үзэгдэнэ. Улмаар уг нүүр хуудас ердийн байдлаасаа өөрчлөгдөн далийж байгаагаар тохируулга хийжээ. “Google” компани үе үе түүхэн чухал үйл явдал, зарим тэмдэглэлт өдөрт зориулан нүүр хуудсандаа өөрчлөлт хийдгийн нэг нь энэ бололтой. Уншигч сонирхвол DART хэмээх товчилсон үгийн тайлал болох Dart-double asteroid redirection test гэдэг үгийг хайлтын цонхонд оруулснаар “Google” компанийн энэ өвөрмөц сонин бэлгийг үзэж болох юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.