Монгол, Хятадын түүхийг судлах төсөлд 10.4 сая еврогийн тэтгэлэг олгов
Чихэнд чимэгтэй
2022-10-27
Одоогоос 2000 гаруй жилийн өмнөх нүүдэлчдийн Хүннү, суурин Цинь гүрний харилцааг судлах олон улсын төсөлд Европын судалгааны зөвлөл хэмээх байгууллага 10.4 сая еврогийн тэтгэлэг олгох болсноо өчигдөр зарлалаа. Уг байгууллагад 19 орноос ирсэн 360 гаруй судалгааны төслөөс 29-ийг нь сонгож, нийтдээ 295 сая евро олгох болсны нэг нь энэ юм. Монгол, Хятадын нутагт хэрэгжүүлэх судалгааны төслийг “Horse Power” буюу “Морины хүч” хэмээн нэрлэсэн бөгөөд уг төслийг Оксфордын их сургуулийн Археологийн сургуулийн профессор Крис Госдэн удирдах аж. “Нэг нь морьтой, нөгөө нь төмөртэй, түүнийгээ хоорондоо өгч авалцсанаар оршин тогтнож ирсэн энэ хоёр улс Евразийг холбосон Торгоны замын эхийг тавьсан түүхтэй. Хүний хүч бололцоо, нөөцийг чадварлаг зохион байгуулж үндэслэсэн хоёр их төрийн нэг нь 1400 жилийн дараах Монголын их гүрний, нөгөө нь үе үеийн хүчирхэг Хятад улсын суурийг баттай тавьсан явдал судлаачдын анхаарлыг ихээр татдаг” гэжээ. Уг судалгаанд оролцож буй Британийн түүхийн мүзейн ажилтан Жулиан Лю хэлэхдээ “Төрт улсын байгууллыг газарзүйн хоёр өөр орчин нөхцөлд өндөр түвшинд бүтээснээр умардад Хүннү, өмнөдөд Цинь улс сэргэн мандсан түүхийг шинжлэх ухааны баялаг мэдээлэлд суурилсан манай судалгаа ойлголтын шинэ түвшинд аваачна” гэжээ.
Зургаан жил үргэлжлэх энэ төсөл хоёр улсад нэгэн зэрэг явагдах бөгөөд Монголын булш хиргисүүр, Хятадын хаадын бунханд малтлага хийнэ. Боннын их сургуулийн Урсула Бросседерийн хэлснээр Монголын талаас МУИС, Хятадын талаас Анхны хаадын бунхны музей хамтран ажиллах гэнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.