images

Дарга нар таксигаар явдаг болно

Ж.Ариунгэрэл

Чихэнд чимэгтэй

2022-11-02


     Төрийн байгууллагын зайлшгүй шаардлагатай автомашин унах албан тушаалтан Улаанбаатар хотод төрийн авто баазаас болон хувийн хэвшлийн дуудлагын такси үйлчилгээг хэрэглэхээр болжээ. Мөн яамдын төрийн нарийн бичгийн даргаас доошх албан тушаалтан албан хэрэгцээндээ автомашин хэрэглэхийг хориглосон байна. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гарсан шийдвэрийг саяхан танилцуулахдаа ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан ийн мэдэгджээ. Түүний ахалсан ажлын хэсэг "Засгийн газрын авто бааз" улсын төсөвт үйлдвэрийн газрыг өөрчлөн зохион байгуулах, бүтцийг оновчтой болгох үүрэг хүлээсэн бөгөөд уг байгууллагыг төрийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар болгон өөрчлөхөөр болсон байна. Засгийн газрын авто бааз 164 тээврийн хэрэгсэлтэй, 210 орчим ажилтан, албан хаагчтай, жилдээ улсын төсвөөс 3-3.2 тэрбум төгрөгийн санхүүжилт авдаг байсан бол шинэ зохион байгуулалтаар 100 автомашинтай, 105 ажилтантай, төсвөөс санхүүждэггүй, аж ахуйн тооцоон дээр үйл ажиллагаагаа явуулах болжээ. Ингэснээр яамны газрын даргын жолооч болон машины шатахуунд хоёр сая төгрөгийн зардал гардаг байсан бол 100-200 мянган төгрөгийн хязгаарлалттайгаар дуудлагын үйлчилгээг албан хэрэгцээндээ хэрэглэх болов. Улмаар төсвөөс гарч буй автомашины урсгал зардлыг 90 орчим хувиар хэмнэх боломж бүрдэж байгаа ажээ. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт нийт 250 автомашиныг хураан төвлөрүүлсэн бол нэмж 250, нийтдээ 509 машиныг хурааж эмнэлэг, онцгой байдал, цагдаа, хил хамгаалах ерөнхий газар, гаалийн байгууллагуудад тарааж өгөхөөр болжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.