Дүрслэх урлагийн музейд залсан Язгуурын таван бурханы учир
Чихэнд чимэгтэй
2022-11-09
Одоогоос 300 гаруй жилийн өмнө Өндөр гэгээн Занабазарын бүтээсэн Язгуурын таван бурханыг өчигдөр Дүрслэх урлагийн музейд залсан билээ. Язгуурын таван шүтээнийг 1965 онд хоёр салган дөрвийг нь Дүрслэх урлагийн музейд, нэгийг нь Чойжин ламын сүм музейд хадгалсан бөгөөд 57 жилийн дараа ийнхүү нэгтгэн олон нийтэд дэлгэж байна. Буддын шашинд хүмүүнийг зовлонд хөтлөгч таван муу сэтгэл бий. Эдгээр нь харанхуй мунхаг, уур хилэн, бардамнал, шунал тачаал, атаа жөтөө бөгөөд бүхий л муу үйлийн үндэс ажээ. Эдгээр таван хорыг хүн өөрийн оюун бодолдоо эерэг болгон хувиргах чадвартай хэмээн үздэг. Хүн бясалгалын оргилд хүрэхэд хүмүүний гоо сайхны оргил, сүр жавхлангийн биелэл нь ямар байхыг Язгуурын таван бурханаар илэрхийлэн харуулжээ. Эдгээр таван шүтээний учрыг тайлбарласныг товчхон үзвэл:
Нэгдүгээр нь Бяруузана (Vairocana) буюу монголоор Машид гийгүүлэн зохиогч хэмээнэ. Уур хилэнг номхруулагч бурхан юм. Бяруузана бурханы бадамлянхуа суурийг хос арслан тулан зогсох ба арслан нь араатны хаан, түүний архирах дуу нь бүхнийг номхруулах хүчтэй гэдэг.
Хоёрдугаар нь Минтүгва (Akshobhya) буюу Үл хөдлөгч. Билиг ухаан, хувиршгүй зан чанар, дөлгөөн амгалан байхыг бэлгэдэж, харанхуй мунхагийг дардаг. Заан хөлөглөнө.
Гуравдугаар нь Раднаасамбуу (Ratnasambhava) буюу Эрдэнэ төгс. Хүний сэтгэлийн таван хорын нэг бардам сэтгэлийг гэтэлгэгч болно. Унаа хөлөг нь зовсон бүхнийг зовлонгийн далайгаас аврагч хүлэг морь байдаг.
Дөрөвдүгээр нь Авид (Amitabha) буюу Цаглашгүй гэрэлт. Шунал тачаалыг арилгаж эрхэндээ хураах үйлсийг бүтээдэг. Унаа нь тогос бөгөөд хорт могойг залгин дарах чадалтай ажээ.
Тавдугаар нь Амгаасэд (Amogasiddhi) буюу Үйл бүтээгч. Атаа жөтөөг дарах чадалтай. Могойгоор хооллодог, хагас бие нь хүн, хагас бие нь шувуу болох хангарьдыг хөлөглөнө.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.