“Эгшиглэнт говь-2022” яруу найргийн наадмын шилдэг шүлэг
Чихэнд чимэгтэй
2022-11-16
Өмнөговь аймагт "Эгшиглэнт говь-2022" яруу найргийн наадам 35 дахь жилдээ болж байна. Тус наадмын талаар “МОНЦАМЭ” агентлаг мэдээллээ. Уралдааныг МЗЭ-ийн шагналт яруу найрагч Д.Ган-Очир, МЗЭ-ийн шагналт яруу найрагч М.Саруулдалай, МЗЭ-ийн гишүүн, хайрын шүлгийн "Цагаан уул" наадмын шагналт яруу найрагч Д.Оюун-Эрдэнэ нар шүүв. Гурван үе шаттай болсон уг уралдаанд яруу найрагч Төмөрийн Батхүрэл түрүүлж цомын эзэн болжээ. Тэрбээр ийнхүү "Болор цом-40" яруу найргийн наадамд орох эрхтэй болов. Ингээд тэргүүн байрын эзэн Т.Батхүрэлийн “Мөн чанарын шүлэг”-ийг толилуулъя.
Мөн чанарын шүлэг
Уулс миний мөн чанар юм
Уйтгарлах минь манан дундах уулс шиг тийм нууцлаг
Улаан хавцлынх нь ирмэг дээрээс харлаг тэх халихад
Урагдсан сэтгэлийн чулууд хамт нуран унах нь
Угтаа хэн нэгний алдахдаа мэдэрдэг мөн чанар минь юм
Ус миний мөн чанар юм
Уйлах минь харз булгийн эх шиг тийм тунгалаг
Урсгал дагасаар сүүлийн навчис намрыг аваад буцахад
Урсгасан нулимс нь анхны цас болон зөөлөн газардах нь
Угаас баяр гунигийн алинд ч нулимсаа дотогшоо нуудаг мөн чанар минь юм
Бороо миний мөн чанар юм
Бодох минь хүртэл зүсэр бороо шиг тийм гүн юм
Болор молор талстууд нь охидын цээжийг норгоход
Болзоогүй учралынх нь догдлол зүрхэнд мэдрэгдэх шиг
Бодох нь ээ хэлж болохгүй учралуудаа зүрхэн гүндээ бичдэг мөн чанар минь юм
Салхи миний мөн чанар юм
Санаа алдах минь хүртэл үе үехэн сэвэлзэх тийм гэгэлгэн
Санамсаргүй үүссэн салхины торгон үзүүр дэрсэн толгой шүргэхэд
Саранд сонсогдох чимээ нь ээжийн тухай дуу болон эгшиглэх шиг
Санах нь ээ гэнэ гэнэхэн ижийгээ санаад шүлэг тэрлэх мөн чанар минь юм
Гал миний мөн чанар юм
Газар тэнгэрийн дунд орших минь тийм хангал юм
Галт уулын чулуулаг дэлхийн төвөөс үсрэн гарахад
Газар шороо алгаараа час халуун нурмыг атган дүрэлзэх нь
Гарцаагүй юунаас ч үл эмээх яруу найрагч хүний дотоод ахуйн мөн чанар минь юм
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.