Дэд сайд асан Б.Болор-Эрдэнэ Английн сэтгүүлд ярилцлага өгчээ
Чихэнд чимэгтэй
2022-11-17
Цахим хөгжлийн яамны дэд сайдаар ажиллаж байсан Б.Болор-Эрдэнэ Английн “Global banking and finance review” сэтгүүлийн технологийн буланд, өөрийн санаачлан хэрэгжүүлсэн “Охидын код бичих хөтөлбөр”-ийн талаар ярьжээ. Хөдөө орон нутгийн ахлах ангийн сурагч охидыг код бичиж сургах, дэлхийн шилдэг их сургуулиудад элсэх өргөдөл гаргах, эсээ бичих, англи хэлээ сайжруулахад туслах зорилготой тус хөтөлбөр хоёр жил хэрэгжиж 80 төгсөгчтэй болсон билээ. Энэ талаар Б.Болор-Эрдэнэ “Эхний жилийн 30 охины ес нь “IVY League”-ийн сургуульд компьютерын ухаан, программ хангамжийн чиглэлээр суралцаж байна. Энэ үнэхээр гайхалтай амжилт. Учир нь, энэ намрын байдлаар Харвардын их сургуулийн оюутнуудын 16 хувь, Колумбын их сургуулийн 15 хувь нь олон улсын оюутан байна” гэжээ. Мөн тэдгээр төгсөгчийн зарим нь Хятад, Япон улсад энэ чиглэлээрээ сурч байгаа аж. Харин энэ жил 50 сурагч хөтөлбөрт суралцсан бөгөөд тэдний бүтээж буй аппликэйшнийг НҮБ-ын Монгол дахь төлөөлөгчийн газар ашиглах юм. Б.Болор-Эрдэнэ энэ хөтөлбөрийн гол зорилго ирээдүйд технологийн салбарт манлайлах эмэгтэйчүүдийн нэгдлийг бий болгох хэмээн онцолжээ. Учир нь, энэ салбарт эрэгтэйчүүд илүү их байдаг. Тэгвэл жендерийн тэгш байдлын талаар тэрбээр “Монгол улсын парламентын гишүүдийн ихэнх эрчүүд байдаг. Засгийн газарт гуравхан эмэгтэй гишүүн бий. Удирдах албан тушаал хашдаг цөөхөн залуу эмэгтэйчүүдийн нэг нь би. Нас, хүйс, газар зүйн байршил, санхүүгийн байдлаасаа шалтгаалан давуу боломж эдэлж чадахгүй байхыг шударга бус явдал гэж би үздэг” хэмээн ярьжээ. Мөн түүний ярьснаар "Охидын код бичих хөтөлбөр"-ийг Оксфордын их сургууль дэмжихээр болсон байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.