images

 Богд хааны нэгэн зарлигийн эх

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2022-11-28


      Монгол улсын шинжлэх ухааны ажилтны өдөрт зориулан Архивын ерөнхий газраас Судар бичгийн хүрээлэнгийн анхны дарга Онход овогт Сангажавын Жамьян гүний тухай Богд хааны зарлигийг бүрэн эхээр нийтэллээ. 1919 оны 10 дугаар сарын 25-нд тус зарлигт:

 “Айлтгах нь.   

  Шавь боол Бадамдорж, Пунцагцэрэн, Пунцагдорж сөгдөж хичээнгүйлэн айлтгах нь.

  Үе залгамжлах гүнд өргөмжлөл олгуулах явдлыг хичээнгүйлэн нугалбар бичиж айлтгаад, Богд эзэн гэгээнээр толилон айлдахыг гуйхын учир, эдүгээ Нийслэл Хүрээний Эрдэнэ шанзудба нараас өргөсөн бичигт, мэдүүлэх учир, эдүгээ Сангийн яамны эрхэлсэн түшмэл манай шавь улсад туслагч гүн Жамьянаас өргөсөн бичигт, гуйн мэдүүлэх учир, өчүүхэн түшмэл угаас Сэцэн хан аймаг эдүгээ тушаалын Чин ачит ван Тогтохын хошуунаас өргөгдсөн шавь, насан багаас бичгийн албанд оролдож эндэгдсэн газар үгүй. Чин улсын Бадаргуулт төрийн гучин хоёрдугаар онд харьяат газраас Жамьян миний биеийг Очирдара  Богд гэгээнээ шавь болгон өргөснөөр зайсан тушаал хүлээлгэж, лүндэнгээр байгуулсан бичгийн яаманд түшмэлийн албан хаалгаж явуулав. Олноо өргөгдсөний тэргүүн онд хишиг тархаах зарлигт учралдаж, хар зайсангийн тушаалын хувь, гутгаар зэргээс нэгэн зэрэг дэвшүүлж  дэд зэрэг шагнагдсан ба тусгай шагнасан тогосын отго буй. Мөнхүү онд Сангийн яамны эх бичиг зохиогч түшмэлд тохоон хэрэглэж, бас гуравдугаар онд нярав түшмэлийн албан хаалгав. Дөрөвдүгээр онд дэс түшмэлд дэвшүүлэв. Тавдугаар онд харьяат яамны албан хэрэгт сайнаар зүтгэсэн учир хөхиүлэн айлтгаж, тэргүүн зэрэг шагнасан. Мөнхүү онд эрхэлсэн түшмэлд дэвшүүлэв. Долоодугаар онд улсын сангийн бат илэрхийлэх тэмдэгт бичгийн зүйлд туслан барьсан учир нэгэн тэмдэглэсэн зэрэг шагнасан. Наймдугаар онд гаалийн зүйлийг сайхнаар хөгжүүлсэн учир нэгэн нэмсэн зэрэг шагнасан. Есдүгээр онд Монгол хууль зүйлийн бичиг зохион төгсгөсөн учир Дотоод яамнаас айлтгаад, үе улиран улсад туслагч гүнгийн зэрэг шагнасан бөгөөд энэ мэт үе залгамжлах түшмэлд өргөмжлөл олгуулдаг удаа бүхийн тулд, үүнийг олдвоос Эрдэнэ шанзудба ноёнтноо, тамгын газраа өргөн мэдүүлээд гуйх нь, уламжлан мэдүүлж жуух өргөмжлөл олгуулбаас болох ажааму. Үүний тул өргөв хэмээн өргөжээ. Иймийн тул уг өргөсөн бичгийг ёсоор сийрүүлж, олдвоос Дотоод хэргийг бүгд захиран шийтгэгч яамнаа өргөн мэдүүлээд гуйх нь, байцаан толилж үе улиран залгамжлах улсад туслагч гүн Жамьянд түүний мэдүүлсэн ёсоор өргөмжлөл шагнан олгуулбаас болох ажааму. Үүний тул өргөв хэмээн өргөжээ.

  Шинэ тогтоосон хуульд аливаа үе залгамжлах засаг, засаг бус хан, ван, бэйл, бэйс, гүн, засаг тайж нарт үе улиран тасралгүй залгамжлуулах шар торгоны  жуух өргөмжлөл олгуул. Өргөмжлөхийг хүлээх ван, гүнгүүдийн анх түшмэл байгуулсан хүний явсан явдал, уг эхийг тодорхойлон гаргаж, Дотоод яамнаа мэдүүлээр ир. Дотоод яамнаас жуух өргөмжлөлийн эх бичиг зохион айлтгаж, зарлигаар тогтоосны хойно хичээнгүйлэн бичиж, эрдэнэ тамга дарж олгуулагтун хэмээжээ. Иймийн тул гүн Жамьянд хууль ёсоор олгуулах өргөмжлөлийн эхийг зохиож, хичээнгүйлэн нугалбар бичиж хамтаар давшуулан айлтгаад гуйх нь, Богд эзэн гэгээнээр толилон айлдах ажааму. Үүний тул хичээнгүйлэн айлтгав. Зарлигийг гуймуй” гэсэнд Богд хаан “Гуйсан ёсоор болгогтун” гэжээ.

     Жамьян гүн Их шавийн Эрдэнэ шанзудбын яамны зайсан түшмэл, Богд хаант Монгол улсын Сангийн хамаг хэргийг бүгд захиран шийтгэгч яамны эх зохиогч түшмэл, нярав түшмэл, дэс түшмэл, эрхэлсэн түшмэл, сэргээн босгогдсон Автономит Монгол Улсын болон Ардын Засгийн газрын Сангийн хамаг хэргийг бүгд захиран шийтгэгч яамны дэд сайд, Ардыг гэгээрүүлэх яамны тэргүүн сайд, Судар бичгийн хүрээлэнгийн дарга болон Д.Сүхбаатарын бичгийн багш, хувьсгалт нууц бүлгэмийн гишүүн, Судар бичгийн хүрээлэн болон Буриад-Монголын Эрдмийн хүрээлэнгийн жинхэнэ гишүүн байжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.