images

 “Шинэ Зуунмод” төслийг хэрэгжүүлэхэд БНСУ тусална

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2022-11-28


     Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын Хамтарсан хорооны ээлжит VI хуралдаан энэ сарын 23-25-нд Сөүл хотод боллоо. Хурлаар хоёр улсын Стратегийн түншлэлийг бэхжүүлэх, тээвэр, ложистик, дэд бүтэц, уул уурхай зэрэг салбарт томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохиролцсон юм. Тухайлбал, Хөшигийн хөндийн эдийн засгийн чөлөөт бүсийн бүтээн байгуулалтын хүрээнд БНСУ-ын ухаалаг хот байгуулсан туршлагыг судалж, тус улсын “K-City Network” төсөл хөтөлбөрийг “Шинэ Зуунмод” хотод хэрэгжүүлнэ гэв. Мөн “Газрын ховор металлын хамтарсан судалгааны төв”-ийг Монголд байгуулах, энэ чиглэлээр хамтран ажиллах ажлын хэсгийн уулзалтыг ойрын хугацаанд хийхээр тогтжээ. Түүнчлэн худалдаа, хөрөнгө оруулалтын эрх зүйн орчныг бэхжүүлэх хүрээнд “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр” байгуулах яриа хэлэлцээг эхлүүлэх бэлтгэлийг хангаж, “Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг шинэчлэхээр болсон байна. Үүний зэрэгцээ Бизнес форум, үзэсгэлэн зохион байгуулах замаар аж ахуйн нэгжүүдийг дэмжиж ажиллахаар болжээ. Мөн манай улс 2023-2025 оныг “Монголд зочлох жил” болгосон тул маркетинг сурталчилгааны чиглэлээр БНСУ-тай хамтран ажиллах сонирхлоо илэрхийлсэн аж. Улаанбаатар-Инчоны чиглэлд “Аэро Монголиа” ХХК зорчигч тээврийн хуваарьт нислэг үйлдэхээр тохиролцож, карго тээврийг эрчимжүүлэхээр болсон байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.