Дархан аварга Ж.Мөнхбатын нэрэмжит үндэсний бөхийн тэмцээн Чехэд боллоо
Дэлхий дүүрэн монголчууд
2024-09-25
Чехийн Прага хотноо өнгөрөгч амралтын өдрүүдэд Дархан аварга Ж.Мөнхбат агсны нэрэмжит Европын аварга шалгаруулах үндэсний бөхийн цомын төлөөх анхдугаар тэмцээнийг зохион байгуулсан талаар Элчин сайдын яамнаас мэдээлэв. Тус тэмцээнийг Европын есөн оронд амьдардаг 64 бөх зорин очиж барилджээ. Тэдний 16 нь аймаг, сумын цолтой бөгөөд их шөвөгт Ховд аймгийн Мөст сумын харьяат аймгийн начин О.Пүрэвбаяр, Увс аймгийн Давст сумын харьяат сумын заан Д.Жамсрандорж, Ховд аймгийн Жаргалант сумын харьяат сумын заан Б.Энхбаяр, Орхон аймгийн Жаргалант сумын харьяат залуу бөх Э.Батбаяр нар шалгарсан байна. Улмаар аймгийн начин О.Пүрэвбаяр түрүүлж, шилжин явах цомын эзэн болсон бол залуу бөх Э.Батбаяр үзүүрлэжээ. Мөн уран барилдаантай бөхөөр Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат залуу бөх Г.Пүрэвбадам, уран гараа, дэвээтэй бөхөөр Итали улсын М.Грегорий шалгарав.
Тус тэмцээний үеэр багийн болон хүүхдийн барилдаан зохион байгуулсан юм. Багийн барилдаанд 13 баг оролцсоноос Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын харьяат сумын заан Д.Билэгт, Өвөрхангай аймгийн Хархорин сумын харьяат залуу бөх Э.Хосбаяр, Архангай аймгийн Өгийнуур сумын харьяат залуу бөх Т.Өгий нарын бүрэлдэхүүнтэй Чехийн дөрөвдүгээр баг түрүүлжээ. Харин бага насны хүүхдийн барилдаанд 18 бөх оролцож Булган аймгийн Хутаг-Өндөр сумын харьяат М.Билгүүдэй түрүүлж, Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн харьяат Ж.Одбаяр үзүүрлэсэн аж. Ахлах насны хүүхдийн барилдаанд оролцсон найман бөхөөс Хэнтий аймгийн Баянмөнх сумын харьяат Б.Угтахбаяр түрүүлж, Баянхонгор аймгийн Богд сумын харьяат Р.Тэнүүн үзүүрлэжээ. Уг тэмцээнийг зохион байгуулахаар Дархан аваргын гэргий Ө.Тамир Чехэд очсон бол нээлтийн өдөр отгон хүү Б.Даваажаргал нь цахим мэндчилгээ илгээсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.