“Дулаан гутал” аян эхэллээ
Чихэнд чимэгтэй
2022-11-29
Хүйтний эрч чангарч буй эдгээр өдрүүдэд холоос сургууль, цэцэрлэгтээ явдаг гэр хорооллын хүүхдүүд өвлийг “дулаан гутал”-гүй давна гэдэг хүнд. Тэдгээр хүүхдэд хөл дааруулахгүй гутал, хувцсаар туслахаар иргэн Б.Цэвэгмид “Дулаан гутал” аяныг санаачлан хэрэгжүүлээд байна. Хамгийн анх 2012 онд амьжиргааны түвшин доогуур айлын хоёр хүүхдэд өвлийн гутал хандивлаж эхэлснээр өнөөдөр аян болтлоо хүрээгээ тэлж, хэд хэдэн аймагт зохицуулагч, сайн дурынхан, хандив өргөдөг хүмүүс гээд 100 гаруй хүнийг нэг зорилгод чиглүүлж чадсан байна. Өнгөрсөн жил 420 гаруй гутал хувцас нэн шаардлагатай байгаа хүүхдүүдэд тарааж өгснөөр нийтдээ 1000 гаруй хүүхдэд хүрчээ. Энэ жилийн хандивын аян өчигдрөөс эхэлсэн бөгөөд “Дулаан гутал” аяны санаачлагч Б.Цэвэгмидтэй үйл ажиллагааных нь талаар цөөн хором ярилцав.
Тэрбээр “Аянаа хэрэгжүүлэхийн тулд эхний 21-30 хоногт ямар хүүхдүүдэд хүргэхээ төлөвлөж, бэлддэг. Ихэвчлэн өрх толгойлсон аав, ээж, олон хүүхэдтэй айл, захын хороололд холоос цэцэрлэг сургуульдаа явдаг хүүхэдтэй айлуудад очихыг боддог юм. Мэргэжлийнхээ дагуу сурвалжлага мэдээ бэлдээд явахад хүүхдүүдийн дүр зураг нүд хальтирмаар, хүүхдүүдэд ийм зүйлс зайлшгүй хэрэгтэй санагддаг. Өвлийг ядаж дулаан гуталтай давах хэрэгцээ байдаг юм аа гэдгийг олж харсан. Бага насны хүүхэд юугаа мэдэхэв. Насанд хүрсэн хүний чих осгомоор хүйтэн болж байна. Одоо Улаанбаатар, Эрдэнэт, Дархан, Зүүнхараа, Ховд, Увс, Өмнөговь аймгуудад дэлгэрээд үндэсний хэмжээний аян болоод явж байна. Заримдаа хүүхдүүдэд гутал, хувцас тараагаад явахад размер, өмсгөл нь таараагүй үлдэх тохиолдол их бий. Тэр болгонд хүүхэд үлдээчихлээ гээд санаа зовох нь их, ахиад үргэлжлүүлээд жаахан л тусалчих хэрэгтэй юм гэж бодоод аянаа үргэлжлүүлсээр байдаг. Аян хэрэгжүүлдэг аймгуудаа хамгийн хүйтэн цаг агаартайг сонгодог. Тухайлбал Увс, Ховд зэрэг аймгуудыг сонгосон нь үнэхээр л хэрэгцээ шаардлагатай байсан учраас сонгогдсон гэсэн үг. Бусад аймгууд ч өөрийн сайн дураар аймагтаа хэрэгжүүлье гэж байна. Хандивт өргөх хувцас нь элэгдэлгүй, байгальд ээлтэй амьсгалдаг материалаар хийгдсэн байх шаардлагатай. Мөн хуучин хувцаснууд бол угааж цэвэрлээд хүүхдэд өгөх тохиромжтой байдлаар бэлдэж өгөхөд болдог. Жилд нэг удаа өвлийн улиралд зохион байгуулдаг. Гутал хувцасаа 21-30 хоногийн хугацаанд цуглуулан 5-10 хоногийн дотор тарааж дуусах зарчмаар явдаг. 1-2 өдөр ажлаа дүгнээд сошиал хуудсаараа тайлан тавьдаг” гэлээ.
Гэрэл зургийг: "Дулаан гутал" цахим хуудаснаас
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.