В.Высоцкий жанжин Д.Сүхбаатарын дүрд тоглож байжээ
Чихэнд чимэгтэй
2022-11-29
Жанжин Д.Сүхбаатарын нэр өнгөрсөн зууны Зөвлөлт-Монголын найрамдалт харилцааны үед коммунизмын өлгий нутагт янз бүрээр дуурсаж байсан жишээг одоо сөхөн үзэхэд сонин баримт бишгүй тааралдана. 1969 оны сүүлээр ЗХУ-ын Телевиз, радиогийн улсын хорооны дуу бичлэг, радио нэвтрүүлгийн танхимд нэгэн радио жүжгийг бүтээж дараа жилийнх нь нэгдүгээр сарын 20-нд Зөвлөлтийн радиогоор нэвтрүүлжээ. Д.Сүхбаатарын амьдралаас сэдэвлэсэн, 69 минут үргэлжилдэг энэ жүжгийн нэр нь “Талын монгол баатар” (Богатырь Монгольских степей). С.Тарасенко гэдэг хүн зохиолыг нь бичиж Ф.Берман гэгч найруулан тавьжээ. Хамгийн сонирхолтой нь Д.Сүхбаатарын дүрийг алдарт Владимир Высоцкий бүтээсэн байна. Оросын ард түмний хэдэн үеийнхний шүтээн, дуучин, жүжигчин, яруу найрагч В.Высоцкий 20 шахам жүжиг, 30 кинонд дүр бүтээснээс гадна “Гамлет” тэргүүтэй 11 радио жүжигт тоглосон юм. Олон сая хүний сэтгэлд хоногшсон түүний эрдүү баргил хоолой орос сонсогчдод жанжин Д.Сүхбаатарын дүрийг хэрхэн хүргэсэн нь сонин. Энэ жүжгийн нэрийг Оросын зарим хуучин эх сурвалжид дурдахдаа “Мөнхийн найрамдал” (Дружба на вечные времена) гэсэн нь тааралдана.
ЗХУ-ын үед жанжныг алдаршуулсан цөөнгүй жишээ бийн нэг нь Оросын армийн танкийн нэгэн хороог түүний нэрэмжит болгосон явдал юм. Д.Сүхбаатарын нэрэмжит Танкийн 44 дүгээр хороо одоо ч ОХУ-ын Зэвсэгт хүчний бүрэлдэхүүнд хэвээр бөгөөд Москвагаас зүүн хойш 193 километрт буй Владимир хотод байна. Суворовын, Кутузовын гэх зэрэг жинтэй олон одон медалиар шагнагдсан энэ хороонд мөн БНМАУ-ын Цэргийн гавьяаны улаан тугийн одон, Сүхбаатарын одон буй. Үүнээс гадна сонирхуулахад тухайн үед гудамжаа Д.Сүхбаатарын нэрээр нэрлэсэн ах дүү орны олон хот бий бөгөөд одоо Оросын Барнаул, Курган, Ново-Ленино зэрэг зургаа, Киргизийн Бишкек, Казахстаны Алматы, Тараз, Шимкент хотуудад Д.Сүхбаатарын гудамж байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.