Монгол дасгалжуулагчийн гурав дахь шавь ОХУ-ын жүдо бөхийн аварга болов
Дэлхий дүүрэн монголчууд
2024-10-23
Сочи хотод өнгөрсөн долоо хоногт болж өндөрлөсөн ОХУ-ын жүдо бөхийн аварга шалгаруулах тэмцээний 52 кг-ын жинд Якутын эмэгтэй тамирчин Карина Ефимова алтан медаль хүртлээ. Энэ нь Сибирийн уугуул ард түмний дундаас жүдо бөхийн төрөлд гурав дахь ОХУ-ын аварга төрсөн хэрэг юм. Тэгвэл К.Ефимовагийн дасгалжуулагч нь монгол хүн ажээ. Дасгалжуулагч Гомбодоржийн Дамдиндорж 1983 онд Хөвсгөл аймагт төрсөн. Түүний эцэг Б.Гомбодорж Киевийн биеийн тамирын дээд сургуулийг төгсөөд Улаанбаатарт мэргэжлээрээ ажиллаж байхдаа ОХУ-ын Магадан хотод Якутын жүдо бөхийн дасгалжуулагч В.Герасимовтой танилцсанаар Якутад урилгаар очиж ажиллахаар болжээ. Тэрбээр Якутск хотод нэг жил ажиллаад гэрийнхнээ аваачсан бөгөөд тэгэхэд Г.Дамдиндорж 10 настай байв. Тухайн үед Якутад жүдо бөхийн мэргэжлийн дасгалжуулагч байсангүй. Г.Дамдиндорж багаасаа жүдо бөхөөр барилдаж Оросын Алс Дорнодын аваргаар хоёр удаа шалгарснаас гадна Сибирь, Алс Дорнодын бүсийн олон тэмцээнээс медаль хүртэж 2002 онд ОХУ-ын спортын мастер болжээ. Тэрбээр Красноярск хот дахь Сибирийн холбооны их сургуулийг инженер мэргэжлээр дүүргэсэн бөгөөд 2009 оноос жүдо бөхийн дасгалжуулагчаар ажиллаж эхэлсэн байна. Түүний анхны шавь нарын нэг Татьяна Мисайлова 2014 онд ОХУ-ын өсвөрийн аварга болж Якутын жүдо бөхийн нэрийг анх удаа улсын хэмжээнд гаргажээ. Улмаар 2019 онд түүний шавь Нюргуяна Никифорова ОХУ-ын аварга шалгаруулах тэмцээнд алтан медаль хүртэж, Якутын түүхэн дэх жүдо бөхийн анхны улсын аварга болов. Тэгвэл 2023 онд мөн Г.Дамдиндоржийн дасгалжуулсан Аина Моисеева удаах алтан медалийг хүртжээ. Тэгвэл энэ удаа Сочийн тэмцээнд К.Ефимова аваргалж монгол дасгалжуулагчийн нэрийг дахин гаргав. Оросын их спорт, тэр дундаа жүдо бөхөд Якутын нэрийг өндөрт өргөсөн монгол дасгалжуулагчийн замнал ийнхүү үргэлжилж байна. Сонирхолтой нь Г.Дамдиндоржийн дүү Г.Батдорж ОХУ-ын цомын тэмцээний аварга, Европын цомын хүрэл медальтай бөгөөд бүсийн хэмжээний олон тэмцээнд түрүүлсэн жүдоч ажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.