Дархан-Уул: Хонгор сум малын хээл шалгах эхо төхөөрөмжтэй болжээ
Хөдөөгийн баясгалан
2024-12-17
Дархан-Уул аймгийн Хонгор сум аймагтаа анх удаа малын хээл шалгах эхо төхөөрөмжтэй боллоо. Малын хээлтсэн эсэхийг өмнө нь гараар шалгадаг байсан бол одоо ийнхүү өнгөт дурангаар шалгаж, хээлтэй бол бойжилтыг нь сар бүр мэдэх бололцоотой болсноор малчдын ажил хөнгөвчлөгджээ. Хонгор сумын Хөдөө аж ахуйн хэлтсийн мал зүйч Төмөр орон нутгийн сурвалжлагчид ярихдаа “2024 онд сумандаа мал үржүүлэг, технологийн ажил үйлчилгээ явуулах чиглэлээр 19 сая төгрөгөөр эхоны төхөөрөмж худалдаж авсан. Аймагтаа одоогоор цорын ганц энэ төхөөрөмжийг “Хонгор үржил” компанид хариуцуулан өгөөд байна. Малчдын хүсэлтээр өнгөрсөн наймдугаар сараас айлуудаар явж, үхрийн хээл шалгах ажлыг эхлүүлсэн. Мөн өнгөрсөн жил адууны сэрвээ хэмжигч мөнгөн устай багажийг худалдаж авсан. Үүгээр аймаг, сумын морины өндрийг хэмжиж байна" гэжээ. Тус суманд аймгийн өмчийн газраас Сэлэнгэ үйлдвэрийн 79 толгой үхэр шилжүүлэн өгсөн бөгөөд үүнээс 32 үхрийн хээлтсэн эсэхийг уг төхөөрөмжөөр шалгасан байна. Энэ онд Хонгор суманд улсын төсвийн хөрөнгөөр 130 үхэрт зохиомол хээлтүүлэг хийжээ. Үүний үр дүнг мөн л төхөөрөмжөөр шалгахад 97.8 хувь нь амжилттай хээлтсэн дүн гарсан байна.
Гэрэл зургийг "Хонгор сум Буурал" Фэйсбүүк хуудаснаас.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.