Турк: Сирийн ард түмнийг амар амгалан аж төрөхөд тодорхой үүрэг, хариуцлага хүлээнэ
Анд нөхдийн мэдээ
2025-02-21
Туркийн Ерөнхийлөгчийн тамгын газар 326 хуудас бүхий товхимол хэвлэн гаргаснаа өчигдөр олон нийтэд танилцуулжээ. Хавтасны нүүрэнд Сири улсын түр ерөнхийлөгч Ахмед аль-Шара, Туркийн ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы том хөргийг байрлуулсан байна. Товхимлын өмнөх үгийг Р.Эрдоган бичсэн бөгөөд “Иргэний дайны 13 жилийн турш бид сири ахан дүүсээ орхилгүй дэмжиж тусалсаар ирсэн. Турк улс энх тайван, аюулгүй байдлыг тогтоож, Сирийн ард түмнийг амар амгалан аж төрөхөд тодорхой үүрэг, хариуцлага хүлээх болно” гэжээ. Энэ нь тус улс Сирийн шинэ Засгийн газартай найрсаг харилцаа тогтооно гэсэн үг гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байна. Өнгөрсөн оны 12 дугаар сард Сирийн дарангуйлагч Башар Асадын дэглэм унаснаас хойш Турк, Саудын Араб, Катар зэрэг Ойрх Дорнодын хөрш орнууд болон Барууны улсууд Сирийн шинэ эрх баригчдад найдлага тавьсаар байна. Европын холбооны гол орнууд болох Герман, Францын Гадаад хэргийн сайд нар Ахмед аль-Шаратай шууд уулзаж тус улсын эсрэг авсан зарим хориг арга хэмжээгээ зогсоохоор тохиролцсон бөгөөд Сирийн сэргээн босголтод 250-400 тэрбум доллар зарцуулна хэмээн шинжээчид тооцоолжээ. Сүүлийн хоёр сарын хугацаанд Франц улс Йордан, Саудын Арабтай нэгдэн Сирийг дэмжих олон улсын бага хурал зохион байгуулав. Мөн 1953 онд Сиритэй дипломат харилцаа тогтоосон Япон улс сэргээн босголтод дэмжлэг үзүүлэхээр сайдын зэрэглэлтэй төлөөлөгчдийг Дамаск руу илгээжээ. Иргэний дайны үед Сирийн босогчдыг дэмжиж, дүрвэгчдийг сая саяар нь хүлээн авч ирсэн Турк тус улсад боловсон хүчин, техник хэрэгсэл илгээж, сэргээн босгох ажилд манлайлсаар байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.