Италийн сургуулиудад гивлүүр зүүхийг хориглоно
Италийн ерөнхий сайд Жоржиа Мелони дунд сургуулиудад гивлүүр зүүхийг хориглох, нэг ангид суралцах гадаад сурагчдын тоонд хязгаарлалт тогтоох шийдвэр гаргахаар зэхэж байгаагаа зарлалаа. Тэрбээр өчигдөр буюу 20-ны ням гарагт болсон эрх баригч "Италийн ахан дүүс" намын залуучуудын арга хэмжээний үеэр энэ мэдэгдлийг хийжээ. Итали нь Газар дундын тэнгис дэх байрлалаасаа шалтгаалан Европын бусад орнуудтай харьцуулахад, цагаачдын урсгалд хамгийн их өртдөг бөгөөд энэ нь үе үеийн засгийн газруудын хувьд тулгамдсан асуудал, томоохон сорилт болсоор ирсэн юм. Цагаачид, тэр дундаа мусульман шашинтай орнуудаас ирэгсдийг нийгэмшүүлэх, иргэншилтэй болгох асуудал Италийн улс төр болон нийгмийн хүрээнд маргаантай хэвээр байна. Шашны бэлгэдэл, соёлын дасан зохицол, иргэншлийн дүрэм болон цагаачлалын бодлогын талаарх мэтгэлцээнүүд дээр Италийн олон нийтийн санаа бодол нэлээд хуваагддаг юм.
"Нэг ангид байж болох гадаад сурагчдын дээд хязгаарыг хуульчлан тогтоох арга хэмжээг бид Засгийн газрын хуралдаанд удахгүй оруулах гэж байна. Мөн сургуулийн системд дасан зохицоход ноцтой хүндрэлтэй тулгарч буй гадаад сурагчдын эцэг эхчүүдийг итали хэл сурахыг шаардахын зэрэгцээ сургуулиудад нүүр халхалсан хувцас, гивлүүр зүүхийг хориглоно" хэмээн Ж.Мелони хэлжээ. "Ангид итали хэл мэдэхгүй ганцхан хүүхэд байвал тэр хүүхэд ангийнхаа нөхөд болон багш нарын тусламжтайгаар хэлийг хурдан сурч, амархан дасан зохицох боломжтой. Харин хэл мэдэхгүй хүүхдүүдийн тоо олон болох, эсвэл бүр олонх нь болчихвол энэ нь дасан зохицол биш, хоцрогдол, хайхрамжгүй явдал болж хувирна" хэмээн тэрбээр мөн ярьсан байна. Гэхдээ нэг ангид байж болох гадаад сурагчдын дээд хязгаар хэд байхыг Ж.Мелони тодорхой дурдсангүй.
"ISMU" судалгааны байгууллагын мэдээлснээр, Италийн дунд сургуулиудад суралцаж буй сурагчдын 11.6 хувь буюу 100 сурагч тутмын бараг 12 нь Италийн иргэншилгүй хүүхдүүд байгаа юм. "Сургууль л юм бол тэнд хэн ч нүүрээ далдлах ёсгүй. Ямар нэг уламжлалаар түрий барьж залуу эмэгтэйчүүдийг өөрийгөө хүнээс нуухыг шаардах эрх энэ улсын хэнбугайд ч байхгүй" гэж Ж.Мелонийн хэлснийг “Reuters” агентлаг эш татсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.




