Хятад: Хувийн компани ариун цэврийн өрөө ашиглах цагийг хязгаарлах журмаа цуцалжээ
Анд нөхдийн мэдээ
2025-02-24
Хятадын нэгэн компани ажилчдынхаа бие засах эрхийг хязгаарласан журам гаргаснаа цуцалсан талаар Хонконгийн “South China Morning Post” сонин мэдээлэв. Гуандун мужийн Фошан хотын машин механизм үйлдвэрлэгч компани саяхан ажилчдадаа өдөрт 6 удаа ариун цэврийн өрөө ашиглаж болох журам гаргажээ. Ингэхдээ өглөө 8 цаг буюу ажил эхлэхээс өмнө, түүнчлэн 10:30-10:40, 12:00-12:30, 15:30-15:40, 17:30-18:00 цаг, шөнийн ээлжийн ажилчид 21:00 цагаас хойш ариун цэврийн өрөө ашиглах, эдгээр цагаас бусад үед зайлшгүй шаардлагатай бол 2 минутаас хэтрэхгүй байх хуваарь гаргасан байна. Энэ журмыг зөрчсөн тохиолдолд цалингаас 100 юань хасах, эрүүл мэндийн шалтгаанаар зайлшгүй ариун цэврийн өрөө ашиглах шаардлагатай ажилтнууд хүний нөөцийн албанаас зөвшөөрөл авах ёстой гэсэн хатуу журам тогтоон мөрдүүлж эхэлсэн аж. Компанийн зүгээс үүнийг тайлбарлахдаа хөдөлмөрийн үр ашгийг дээшлүүлэх, ажилчдын эрүүл мэндийг хамгаалах зорилготой гэсэн бөгөөд уг журмыг “Huangdi Neijing” хэмээх Хятадын эртний анагаах ухааны сударт үндэслэн гаргасан болохоо мэдэгджээ. Харин үүнийг хуульчид Хөдөлмөрийн хууль зөрчсөн үйлдэл болохыг хэлж “Хүний зайлшгүй эрхэнд халдсан заавар журмыг ажилчид шүүмжилж, мэдээлэх эрхтэй” гэсэн байна. Тус улсын Хөдөлмөрийн хуулинд ажилчдын цалин хөлс, ажлын цаг, завсарлага, амралт, аюулгүй ажиллагааны заавар зэрэгтэй холбоотой асуудлыг нийт ажилтны хурлаар хэлэлцэж шийдвэрлэх ёстой гэж заасан байдаг. Ажилчид уг журмыг эсэргүүцсэн тул холбогдох албаныхан компанид шалгалт хийж, гаргасан журам нь хуулийн зарим зүйл заалттай зөрчилдөж байгааг сануулан шаардлага хүргүүлжээ. Иймээс тус компани журмаа цуцалсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.