images

Өмнөд Солонгосын тэрбумтан боловсролд зориулж 2.5 тэрбум вонтой тэнцэх хувьцаа хандивлав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-02-24


   Японд төрсөн солонгос гаралтай бизнесмэн, “Aladdin Holdings” компанийн захирал, эдүгээ 91 настай Сон Жон Тэ өөрийн эзэмшлийн “Shinhan” санхүүгийн группийн 50 мянган хувьцааг “Солонгосын боловсролын сан” байгууллагад хандивлахаар болжээ. Энэ нь зах зээлийн үнээр 2.5 тэрбум вон болох юм. Японд суудаг солонгос иргэдийн боловсролыг дэмжих зорилгоор 1963 онд байгуулагдаж, иргэдийн хандив, Өмнөд Солонгосын Засгийн газрын дэмжлэгээр үйл ажиллагаа явуулж ирсэн тус сан түүхэндээ хамгийн их хандив хүлээн авч буйгаа мэдэгдэж, талархал илэрхийлсэн байна. Автомат тоглоомын газар ажиллуулж бизнесийн гараагаа эхэлсэн Сон Жон Тэ 1980-аад оны эхээр “Shinhan” банкийг байгуулж, улмаар “Shinhan Financial Group”-ийн ихэнх хувьцааг эзэмших болсон юм. Улмаар 1992 онд Өмнөд Солонгосын “Chongdo” бага сургуульд өөрийн нэрээр тэтгэлгийн сан байгуулж, жил бүр хандив өргөсөөр иржээ. Тэрбээр 2000-аад оны сүүл үеэс үл хөдлөх хөрөнгийн бизнест хөл тавьж амжилттай ажилласан бөгөөд одоо томоохон зочид буудал, худалдааны төв зэрэг 60 гаруй обьект эзэмшиж байна. Хандив хүлээж авсан “Солонгосын боловсролын сан” хувьцааг зарж борлуулахгүйгээр тусад нь сан болгон хөгжүүлж, жил бүр 100 сая воны хувьцааны ноогдол ашгийг Солонгос-Японы харилцаа, солонгос судлалын чиглэлийн судалгааны төслийг санхүүжүүлэхэд зарцуулахаа мэдэгдсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.