Бүх цаг үеийн хамгийн шилдэг хүүхэлдэйн кинонд рок хөгжимчин өвөр монгол залуу хөөмийлжээ
Анд нөхдийн мэдээ
2025-02-24
Хятадын домогт гардаг бурхны хүү Нэжагаас сэдэвлэн бүтээсэн “Ne Zha 2” хүүхэлдэйн кино өнгөрөгч нэгдүгээр сарын 29-нд Хятадын, улмаар Хойд Америкийн кино театруудын дэлгэцнээ гарч эхэлсэн билээ. Гарсан даруйдаа дотоодын төдийгүй гадаадын зах зээлд борлуулалтаараа тэргүүлж, нэг сар хүрэхгүй хугацаанд 1.9 тэрбум долларын тасалбар борлуулан бүх цаг үеийн хамгийн өндөр орлоготой хүүхэлдэйн кино болоод буй уг бүтээлийн хөгжмийн хэд хэдэн хэсэгт Өвөр Монголын залуу уран бүтээлч Халамж хөөмийлжээ. Халамж 1999 онд Баяннуур хотод төрсөн, хөөмийч, дууны найруулагч мэргэжилтэй, “Nap Phonegraph” рок хамтлагийн гишүүн юм. Халамж тус кинонд оролцох болсон талаараа "Жэньминь Жибао" сонинд ярихдаа “Надад 2024 оны 12 дугаар сард урилга ирсэн. Өмнө нь өөр киноны хөгжимд хөөмийлөхөд хамтарч ажилласан дууны найруулагч дахин санал тавихад нь би зөвшөөрсөн юм. Тэгээд дуу бичлэгийн студид очсон өдрөө л “Ne Zha 2” кино гэдгийг мэдсэн. Өмнөх ангийг нь үзээд, маш сайн кино болжээ гэж бодож байсан болохоор энэ төсөлд ханцуй шамлан орсон” гэжээ. Студид очоод Халамж хоолойгоо 40 минутын дотор бичүүлсэн байна.
Халамжийн аав алт, мөнгөний дархан хүн бөгөөд хүүгээ найман настай байхад багш залж морин хуур заалгажээ. Харин 2010 онд Дуурийн театрт хөөмий сонссон хүү хөөмийд татагдаж, дунд сургуулиа төгсөөд Өвөр Монголын Урлагийн их сургуулийн харьяа ахлах сургуульд элсэн хөөмийн хөтөлбөрт суралцжээ. Дараа нь Бээжингийн Минзү их сургуульд хөөмийч мэргэжлээр суралцаж төгссөн байна. Сонирхолтой нь, тус их сургуульд хөөмийн анги анх удаа нээсэнд Халамж элсэж цор ганцаар суралцан дүүргэжээ. Тэрбээр оюутан байхдаа CCTV-ийн "National Treasure" нэвтрүүлэгт орж морин хуур тоглохын зэрэгцээ хөөмийлж "National Treasure Guardian” шагнал хүртсэн юм. Мөн "The Coming One" нэвтрүүлгийн дөрөвдүгээр дугаарт хамтлагаараа оролцон дэд байр эзэлжээ. Ийнхүү Хятадад алдаршсан залуу уран бүтээлч тэрбээр хувцас, цүнх, аксессуарын "Miu Miu" брэндтэй хамтран ажилладаг бөгөөд соло цомог гаргахаар бэлтгэж байгаа гэнэ. Дэлгэцэнд гарсан эхний хоёр долоо хоногтоо л 10 тэрбум юань буюу 1.4 тэрбум долларын орлого олж дэлхий даяар алдаршсан кинонд оролцсон тухайгаа Халамж өнгөрсөн долоо хоногт ярихдаа “Би санамсаргүйгээр 10 тэрбум юанийн төслийн нэг хэсэг болчихлоо. Үнэхээр азтай байлаа” хэмээжээ.
Хилийн чанадад “Ne Zha 2” өнөөдрийн байдлаар АНУ-ын 48 мужийн 400 хотын 770 кино театр, Канадын 10 мужийн 42 хотын кино театраас гадна Хонконг, Макао, Фижид гарч байна. “Ne Zha 2”-ын өмнөх анги "Ne Zha" 2019 онд 22 сая долларын өртгөөр бүтээгдэж нэг тэрбум долларын тасалбар борлуулсан билээ. Харин энэ ангийг бүтээхэд 80 сая доллар зарцуулсан байна. Бүх цаг үеийн хамгийн өндөр орлоготой хүүхэлдэйн киноны жагсаалтыг 2024 оны зургаадугаар сард гарсан "Pixar Animation Studios" компанийн "Inside Out 2" тэргүүлж байсан юм. Харин “Ne Zha 2” ийнхүү нэг сарын дотор энэ киног гүйцэн түрүүлж уг жагсаалтыг тэргүүлсэн Азийн анхны кино болжээ.
Халамж Хятадын CGTN телевизэд ярилцлага өгч байгаа нь.
“Nap Phonegraph” рок хамтлагийн амьд тоглолт. 2021 он.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.