Франц: Орон гэргүй хүн хулгайн картаар худалдаж авсан сугалаагаар 500 мянган евро хожжээ
Анд нөхдийн мэдээ
2025-02-24
Францад орон гэргүй хүн хулгайлсан зээлийн картаараа хонжворт сугалаа худалдаж аваад 500 мянган евро хожсон байна. BBC агентлагийн мэдээлснээр, картаа хулгайд алдсан Тулуз хотын иргэн Жан Дэвид RTL радиод ярилцлага өгөхдөө "Сугалааны хонжворыг 50-50 хуваая" гэсэн санал тавиад хулгайчийг буруугаа хүлээн өөрийн биеэр цагдаагийн газарт ирэхийг уриалсан байна. Уг явдал энэ сарын 3-ны өдөр болсон бөгөөд хулгайч хотын төвийн зогсоол дээр байршуулсан машинаас түрийвчтэй цүнхийг нь хулгайлжээ. Ж.Дэвид тэр даруй банк руу ярьж картаа хаалгасан ч хулгайч аль хэдийнэ 52.5 еврогийн гүйлгээ хийсэн байжээ. Орон гэргүй хоёр хүн түүний картыг хулгайлж авангуут ойролцоох дэлгүүрээс тамхи, мөн сугалааны тасалбар худалдаж авсан нь хяналтын камерт бичигдсэн байв. Түүгээр үл барам сугалаагаараа 500 мянган евро хожсон нь ч илэрчээ. Ингээд даруй цагдаад мэдэгдэж, цагдаа нар тус улсын Үндэсний Лоттерейн Корпорац (FDJ)-д хандсан бөгөөд FDJ хожсон мөнгийг нь хараахан олгоогүй байна. Ж.Дэвид хулгайчийн эсрэг гомдол гаргахгүй гэдгээ хэлж түүнийг даруй ирж уулзахыг хүсчээ. Тэрбээр карт хулгайлсан хүнтэйгээ тохиролцож хонжворын мөнгөнөөс 250 мянган евро хүртвэл орон сууцны зээлээ төлөхөд зарцуулна гэдгээ хэлсэн байна. Хулгайч одоогоор ямар ч сураггүй байгаа аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.