images

Австрали улс Оросын эсрэг хамгийн том хориг арга хэмжээ авав

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2025-02-25


   Австрали болон Шинэ Зеланд улс Украины дайн эхэлсний гурван жилийн ойг тохиолдуулан Оросын зарим аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авав. Энэ нь Украины дайн эхэлснээс хойш Оросын эсрэг авсан хамгийн том хориг арга хэмжээ болж байна. EFE агентлагийн мэдээлснээр, Австралийн Засгийн газар Украинд хийж буй түрэмгийлэлд оролцсон Оросын 70 иргэнд санхүүгийн хориг тавьж, улс орондоо зорчихыг хоригложээ. Мөн Оросын 79 байгууллага энэ хоригт хамрагдаж байна. Үүнд ОХУ, БНАСАУ-ын цэргийн хамтын ажиллагаа, тэр дундаа Хойд Солонгосын цэргийг байлдаанд дайчлахад оролцсон хувь хүн, аж ахуйн нэгжүүд багтсан байна. Түүнчлэн ОХУ-ын мэдэлд байсан зүүн Украин болон Крымд сайд, шүүгч, прокуророор ажиллаж, Оросын хууль бус засаглалыг дэмжсэн, дайны үеийн бэлгийн хүчирхийлэл, Украины хүүхдүүдийг хүч хэрэглэн авч явсан гэмт хэрэг үйлдсэн этгээдүүд тус хоригт хамрагджээ. Мөн түүнээс гадна Украин болон дэлхий даяар илт мушгин гуйвуулсан ташаа мэдээлэл тараасан гэх үндэслэлээр Оросын төрийн мэдлийн “Российская газета” сонин, “РИА Новости” агентлагт хориг арга хэмжээ авсан байна. Өмнө нь Оросын эсрэг тавьсан худалдааны хоригийг чангатгаж, Оросын Батлан ​​хамгаалах, зам тээвэр, санхүүгийн салбарт арилжааны зориулалтаар нисгэгчгүй онгоц, эд анги нийлүүлэхийг хоригложээ. Энэ талаар Засгийн газрын төлөөний хүн мэдэгдэхдээ “Украин улс сүүлийн гурван жилийн турш Оросын хууль бус, ёс суртахуунгүй, түрэмгий дайны эсрэг зоригтой тэмцсэн” гээд “Австрали улс Украины талд зогссоор байх болно” гэжээ. Улмаар өнгөрсөн хугацаанд Украины батлан ​​хамгаалах салбарт 1.5 тэрбум долларын тусламж үзүүлсэн болохоо дурдсан байна.  

   Шинэ Зеланд улс мөн ОХУ-ын цэрэг-аж үйлдвэрийн зарим цогцолбор, эрчим хүчний салбар, Хойд Солонгосын явуулж буй цэргийн ажиллагаанд оролцсон болон Украины хүүхдүүдийг албадан нүүлгэн шилжүүлэх хэрэгт холбогдсон 52 аж ахуйн нэгж, хувь хүний ​​эсрэг хориг арга хэмжээ авчээ. 2022 оны хоёрдугаар сарын 24-нд эхэлсэн Украины дайн гурав дахь жилдээ үргэлжилж, эдүгээ ерөнхийлөгч Дональд Трампын удирдлага дор АНУ, ОХУ-ын хооронд энхийн хэлэлцээ хийгдэж байна. Гэсэн хэдий ч Европын холбоо болон Их Британи улс Украины дайнд оролцсон Оросын хувь хүн, байгууллагууд, мөн Хойд Солонгосын цэргийн өндөр албан тушаалтнуудад нэмэлт хориг тавихаа мэдэгдсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.