Казахстанд “Зүчи хаан” зурагт ном гаргажээ
Анд нөхдийн мэдээ
2025-02-26
Чингис хааны ууган хүү Зүчийн байгуулсан Алтан ордны улсын 800 жилийн ойг тэмдэглэх ажлын хүрээнд Казахстаны уран бүтээлчид Зүчи хааны тухай зурагт ном бүтээжээ. Зурагт номын зохиолыг Казахстаны орчин үеийн хүүхдийн нэртэй зохиолч Зауре Туреханова, түүхч Жаксылык Сабитов нар бичсэн байна. Ном бүтээх болсон тухайгаа З.Туреханова "Жүжгийн зохиолч найз маань уржнан намайг түүхчидтэй хийх нэгэн уулзалтад урьсан юм. Тэр уулзалт дээр би нэртэй түүхч Ж.Сабитовтой танилцаж, түүхэн сэдэвтэй хүүхдийн номуудаа бэлэглэсэн бөгөөд Алтан ордны түүхийн тухай түүний лекцүүдийг би YouTube-ээс амтархан сонсдог байлаа. Уулзалтаас хойш удалгүй тэрбээр надад хамтран ажиллах санал тавьсан нь Зүчи хааны тухай комик номын зохиол байв" хэмээн ярьжээ. Зохиол бичихийн тулд тэрбээр түүхэн үнэнээс огтхон ч гажихгүйг эн тэргүүнд зорьж маш өргөн хүрээнд, ултай судалгаа хийсэн бөгөөд хүүхэлдэйн киноны "Pixar" студийн тавьдаг шаардлагын дагуу баатар бүрийнхээ намтрыг тусгайлан бичсэний дараа зохиол бичих ажилдаа орсон гэнэ. Зохиол гурван гол сэдэвтэйн эхнийх нь ах дүү Зүчи, Цагаадай нарын зөрчил, амьдралыг үзэх тэдний эрс ялгаатай үзэл, хоёр дахь нь Зүчи хаан хийгээд түүний хатан, Хорезмийн хааны охин Султан хан нарын хайрын түүх, мөн Зүчи ба түүний хүү Тугатөмөр нарын ээдрээт харилцаа ажээ. "Kazinform" агентлагийн мэдээлснээр, зохиогчид “Монголын нууц товчоо”-ноос гадна Рашид ад-Диний “Судрын чуулган”, Монголын Ил хаант улсын үеийн алдартай перс түүхч Хамдалла Казвинийн бичсэн “Тарих-и гузидэ” хэмээх түүхэн зохиолыг эш үндэс болгосны зэрэгцээ Персийн их яруу найрагч Фирдоусийн “Шахнамэ” найраглалаас эхлээд “Юань улсын түүх” хүртэл олон арван эх сурвалжийг ашигласан төдийгүй казах ардын үлгэр домог, ахмад настнуудын хууч яриаг ч зохиолдоо ашигласанаа дурдсан байна. Тэд Зүчи хааны түүх намтрыг залуу үеийнхэнд хүргэхдээ эрдэм шинжилгээний нарийн төвөгтэй үг хэллэгээр бус энгийн, ойлгомжтой, зугаатай байдлаар өгүүлэхийг зорьсон аж. Номын зургийг зурахын тулд орчин үеийн Казахстаны нэртэй уран бүтээлч Елнар Беймиш тэргүүтэй арав гаруй зураачийн бүрэлдэхүүнтэй мэргэжлийн студи бүтэн жилийн турш ажиллажээ. "Зүчи хаан" ном өнгөрсөн онд гарсан даруйдаа Казахстаны Соёл, спортын яамнаас олгодог үндэсний утга зохиолын "Айбоз" шагналыг хүртсэн гэнэ.
Казахстан улс өнгөрсөн онд Зүчийн улсын 800 жилийн ойг өргөн хүрээнд тэмдэглэсэн юм. Ойн хүрээнд эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг маш эрчимтэй өрнүүлж, олон арван өгүүлэл, ном бүтээл гаргасан билээ. Түүнчлэн соёл урлагийн салбарыг ихээхэн чухалчилж, Зүчи хааны амьдралыг өгүүлсэн драмын жүжиг, дуурь тавьсан бол өнөөдрийн байдлаар "Алтан эзэнт гүрэн" хэмээх олон ангит киноны зураг авалтыг эхлүүлээд байна. Зургаан ангитай энэ кинонд тоглох 350 жүжигчнийг сонгон шалгаруулаад байгаагийн 250 нь Казахстан, 100 нь Швед, Бельги, Англи, Герман, АНУ, Монголын жүжигчид юм. Казахстаны хэвлэл мэдээллийн байгууллагууд ой тэмдэглэх үйл явцад нухацтай анхаарал хандуулж ирсэн бөгөөд тухайлбал, тус улсын мэдээллийн хамгийн том агентлаг "Kazinform" 2024 оны турш ойн арга хэмжээ, Зүчи хааны холбогдолтой бүх талын мэдээллийг олон нийтэд тасралтгүй хүргэсэн нь өнөөдөр ч үргэлжилсээр байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.